logo
Тусгаар тогтнол ба монголчуудын талаар хэлэлцэж байна

Тусгаар тогтнол ба монголчуудын талаар хэлэлцэж байна

2011/12/10
“Монголын тусгаар тогтнол ба Монголчууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол-Японы төвд өчигдөр эхэллээ. Хурлыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Ойг тэмдэглэн өнгөрүүлэх Үндэсний хороо, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд дотоод, гадаадын 40 орчим судлаач эрдэмтэн  илтгэлээ хэлэлцүүлж байна.
Хурлын нээж Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үг хэллээ.
Тэрээр “Тухайн үед манай орны газар сайгүй ард олон баяр баясал болж байсан нь олон арван жил монгол хүн бүрийн хүсэл биелсэн сайхан үйл явдал болсны илрэл юм. Хэзээнээс нааш Монголын төрийн голомт болж байсан Ар Монголын нутагт шашин, төрийг хослон барьсан хаант төрийн хэлбэрээр Монголын төр дахин сэргэн мандсан учир 1911 оны тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. “Тусгаар тогтнол ба Монголчууд” сэдэвт олон улсын хуралд оролцож байгаа дотоод, гадаадын судлаач эрдэмтдийн судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа улам баяжин өргөжих, баталгаажин баримтжих болно гэдэгт итгэж байна” гэв.
Одоогоос 100 жилийн тэртээ, Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бидний өвөг дээдэс Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн, таван яам бүхий Засгийн газраа байгуулж, төрийн их ёслол үйлдэн, түмэн олон, дэлхий дахинаа туурга тусгаар Монгол Улсаа зарлан тунхагласан билээ. Тусгаар тогтнолын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг тухайн үед Богд хааны зарлигаар төрийн удирдах албан тушаалд томилж, зэрэг хэргэм шагнаснаас гадна ахмад настнуудад мөнгө, таяг зэргийг шагнан хүртээж, хүнд, хөнгөн ялтныг өршөөн,  суллаж байжээ. 
1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, олон улсын тавцанд бие даан гарч ирсэн нь манай ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийн үр дүн. Энэ хувьсгал бусдын дарлалаас ангижран туурга тусгаар улс болон хөгжих гэсэн хэдэн үеийнхний мөрөөдлийн биелэл, монгол үндэстний ухамсрын их сэргэлтийн гараа, 20 дугаар зууны Монголын түүхийг тодорхойлох хувьсгалуудын гараа байснаараа чухал ач холбогдолтой гэж эрдэмтэн мэргэд үздэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш