logo
Гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2021/08/18

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны 08 дугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 116 удаагийн усны ослын тохиолдол гарч, 109 хүн амь насаа алдсан байна.  Үүний 76 нь том хүн, 26 нь хүүхэд байгаа юм.

Иймд Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш