Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Барилгын үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийг цахимжуулалт хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.licence.mcis.gov.mn цахим системээр дамжуулан гаргаж авч байгаа юм. Энэ хүрээнд барилгын салбарын инженер техникийн ажилтны болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн цахим системийн программ хангамжийг хөгжүүлэн, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, Өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлээд байна.
Долдугаар сарын 1-ээс хойш www.licence.mcis.gov.mn цахим системд хандсан 250 аж ахуйн нэгж хандсан байна. Одоогоор цахим хэлбэрээр материал бүрдүүлэлтийг авснаар 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох материал хянагдах шатандаа байгаа талаар Барилгын үндэсний ассоциацаас мэдээллээ.
Тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч иргэний болон хуулийн этгээдийн мэдээлэл, нийгмийн даатгалын мэдээлэл, дээд боловсролын мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР систем” болон “ДАН” танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр дамжуулан бүртгэл үүсгэнэ.
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа бүрэн цахимд шилжсэнээр барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдсэнээрээ давуу талтай.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 6962 аж ахуйн нэгж, 36 мянга гаруй инженер техникийн ажилтны мэдээлэл Барилгын хөгжлийн төвийн мэдээллийн сангийн өгөгдөлд бүртгэлтэй байна.
Барилга, хот байгуулалтын яам