ҮБХИС-ийг онц дүнтэй төгссөн Д.Ууганбатыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
-Зэвсэгт хүчний эгнээнд тавтай морил. Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?
-Системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан. Кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулагдсантай холбогдуулан манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ Зэвсэгт хүчинд улам нэмэгдэж байна.
-Сонирхолтой мэргэжил эзэмшсэн байна. Яагаад тус мэргэжлийг сонгосон бэ?
-Би 2016-2017 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн. Тэр хугацаандаа цэрэг хүний амьдралтай зах зухаас нь танилцсан. Төгсөөд ер нь л офицер болъё гэж шийдээд ҮБХИС-д үргэлжлүүлэн суралцаж 2017 оноос Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимд системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцаж төгссөн.
-Мэргэжлийнхээ талаар мэдээлэл өгнө үү?
-Системийн аюулгүй байдал гэдэг нь их том ойлголт. Мэдээллийн аюулгүй байдал, түүнтэй холбогдсон хууль эрх зүй талаас нь ч мэргэшиж болдог. Ер нь хөрвөх боломж ихтэй мэргэжил гэж үздэг. Ерөнхийдөө сүлжээний төвд ажиллагаа хийдэг гэж ойлгож болно. Тухайн байгууллагын сүлжээг зохион байгуулах, хамгаалах, сүлжээнд ирж буй халдлагыг илрүүлэх, урьдчилан эсэргүүцэх, программ техник хангамжийг суурилуулах, кибер аюулгүй байдлыг нь сахин хамгаалах, хариу үзүүлэх чиглэлээр ажилладаг.
-Таны мэргэжил энэ цаг үед хэр чухал гэж боддог вэ?
-XXI зууныг мэдээллийн эрин зуун гэж тодорхойлж байгаатай холбогдуулан кибер орон зайд ажилладаг мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ олон улсад маш ихээр нэмэгдэж байна. Манай Зэвсэгт хүчний хувьд кибер аюулгүй байдлын цэрэгтэй болсноос энэ төрлийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт дагаад нэмэгдсэн. Бид системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан анхны 10 төгсөгч. Тийм болохоор миний хувьд тус мэргэжлийг эзэмшсэндээ тун баяртай байгаа.
-Багш нарынхаа талаар юу гэж хэлэх вэ?
-Анги удирдсан багшийг маань ахлах дэслэгч С.Билэгт гэдэг. ОХУ-д системийн аюулгүй байдал мэргэжлээр 2017 онд төгссөн. Дэлхийд кибер цэргээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг улсад мэргэжил эзэмшсэн болохоор бидэнд маш их зүйл зааж сургасан. Мөн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас программист багш нар ирж, программ хангамж болон бусад хичээлүүдийг заадаг байсан.
-Дадлагаа хаана хийсэн бэ?
-ЗХЖШ, 189 дүгээр ангид дадлага хийх байсан боловч цар тахлын улмаас сургуульдаа байрлаж дадлагаа хийсэн.
-Сургалтын тогтолцооны хувьд юу хэлэх вэ, цаашид засаж сайжруулах талаар санал байна уу?
-Хичээл, дадлага сургалтаас эхлээд амрах цаг хүртэл бүгд цагийн хуваарийн дагуу явагддаг учир сонсогч бидэнд суралцахад амар байсан. Мэдээж цэргийн хүнд байх тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтууд ч чухал. Энэ талд бид нар өөрсдийгөө сайн бэлтгэгдсэн гэж боддог. Харин цаашид сайжруулах асуудал гэвэл сонсогчдын бие даах цагийг илүү нэмж өгвөл зүгээр санагдсан. Аливаа мэргэжлийг эзэмшихэд түүнийхээ дагуу давхар судалгаа хийх шаардлага зайлшгүй тулгардаг. Тийм учир бие даалтын хангалттай цагтай байх нь мэргэжлээ сайн эзэмших маш чухал.
-Томилолтоо авсан уу?
-Одоогоор аваагүй байна. Ирэх сараас биднийг анги, байгууллагууд руу томилно гэж мэдэгдсэн.
-Суралцах арга барилынхаа тухай хэлбэл…
-Бид арваас гурав нь онц дүнтэй төгссөн. Мэдээж хүн бүрийн сурах арга барил өөр. Миний хувьд эхлээд дадлага дээр бүгдийг болохоос болохгүй хүртэл нь оролдож үзчихээд онолын хичээлдээ суувал маш үр дүнтэй байдаг. “Байгууллагын сүлжээ, түүнийг гаднын халдлагаас хамгаалах” сэдвээр диплом бичсэн. Ер нь диплом бичнэ гэдэг нь ямар нэгэн байгууллагад ажилд ороход тухайн бичсэн сэдвийнхээ дагуу ажиллаж чадна гэдгээ баталж байгаа хэрэг юм. Хоёр сар гаруй хугацаанд анги удирдсан багшаас эхлээд тэнхимийн багш бүгд гар сэтгэл нийлэн миний дипломын ажилд тусалсан. Мөн ШУТИС-д тус мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудтай туршлага солилцож, тэдэнтэй хамтран ажилласан. Ямар ч анги, байгууллагад томилогдсон бай бичсэн дипломынхоо чиглэлийн дагуу ажиллаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
-Онжавууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Системийн аюулгүй байдал мэргэжлийг эзэмшсэндээ бид маш баяртай байгаа. Цаашид мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэлтэй. Манай онжавууд хайрцагнаас гадуур сэтгэхийг хүсдэг. Шинэ зүйл сурч мэдсэн бол заавал бусдадаа хуваалцдаг, зааж сургадаг онцлогтой. Мөн тус мэргэжлээр суралцсан анхны сонсогчид учир бүгд өөрсдийн сонирхсон чиглэлийнхээ дагуу диплом бичсэн. Ямар ч гэсэн бид өөрсдийнхөө хэмжээнд тултал нь сонгон судалж, дипломоо хамгаалсан. Онжавуудаараа бахархаж байна. Монгол орны хаана ч томилогдсон бай бид үргэлж нэг нэгэнтэйгээ холбоотой байх болно.
Батлан хамгаалах яам