logo
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам: Шалгуургүйгээр орж ирэх үүд нь нээлттэй болохоор төрийн алба утгаа алдаад байна

Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам: Шалгуургүйгээр орж ирэх үүд нь нээлттэй болохоор төрийн алба утгаа алдаад байна

2011/12/12
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.

-Төрийн алба улстөрөөс ангид байх ёстой. Гэтэл манайд хийгдэж байгаа төрийн албаны томилгоо улстөрийн томилгоо болоод байгаа юм биш үү?
-Яагаад ингэж харж байгаа юм. Тодорхой баримт байна уу.
-Хүүхдийн төлөө газрын даргад тавигдах шаардлага гэхэд л зөвхөн Д.Алтайд зориулагдсан байсан шүү дээ. Энэ чинь улстөрийн томилгоо биш юм уу?
-Тодорхой баримттай зүйл ярьж байгаа юм чинь баримттай ха­риулъя. Хүүхдийн төлөө газ­ры­н даргаар Д.Алтай очих нь гэ­сэн мэдээлэл хэвлэлээр гарч байс­ныг мэднэ. Ер нь удир­дах ал­бан тушаалын сонгон шал­га­руулалт явагдахын өмнө тэр,энэ очих гэнэ гэсэн мэдээлэл хэв­лэ­лээр гардаг.
Энэ нь онож байсан удаа ч бий, онохгүй байх ч удаатай. Оно­хоороо хардлага явагддаг. Сонгон шалгаруулалтаар нэгэнт нэгээр гараад ирсэн хүнийг Төрийн албаны зөвлөлийн нэрэнд муу болно гээд дарах аргагүй шүү дээ. Д.Алтайтай хамт өөр най­ман хүн өрсөлдсөн. Энэ хүн л нэгээр гарсан. Хэн нь ч гарах бо­ломж байсан.
Ер нь бол “Удирдах албан ту­шаалтанд тавигдах тусгай шаард­лага” гэдэг баримт бичгийг УИХ баталчихвал ийм хардлага алга бол­но. Төрийн албаны хуульд заасны дагуу тусгай шаардлагыг боловсруулаад, УИХ-д өнгөрсөн жилийн эхээр өргөн барьсан. Гэвч тусгай шаардлага нэлээд эсэр­гүүцэлтэй тулгараад байна.
-Тусгай шаардлагад юу тус­га­сан болоод ямар эсэргүүцэлтэй тул­га­раад байгаа юм бэ?
-Ерөнхий менежер гэдэг а­л­бан тушаал дээр төрийн ал­банд доод тал нь тэдэн жил ажил­ласан, ийм боловсролтой, доод та­лынхаа албан тушаалууд дээр ажил­лаж байсан хүн очих хэ­рэг­тэй гэх зэрэг нэлээд олон шал­гуур тавьсан.
Төрийн албанд ажиллаж бай­­сан УИХ-ын гишүүд үүнийг ойл­­гож хүлээж авсан. Харин за­рим хэсэг нь ойлгохгүй байна. Ийм өндөр шалгуур тавьснаар тө­рийн алба вакумжина. Тө­рийн албанд гаднаас хүн орох бо­лолцоог хааж байна гэж үзэх хү­мүүс ч бий.
-Гаднаас хэн нэгэн “ногоон гэр­лээр” орж ирэх боломж нээлт­тэй байх нь төрийн ал­банд улс­төрийн нөлөө орох бо­лом­жийг бүрдүүлээд байгаа юм биш үү?
-Гаднаас хүн шалгуургүйгээр орж ирэх үүд хаалга нь нээлттэй бо­лохоор  төрийн алба утгаа ал­даад байна. Төрийн алба мэргэшсэн байх ёстой. Мэргэшихийн тулд доод  ал­бан тушаалд ажилласан байх учиртай. Ингэж байж хам­гийн доод талын шатлалд байгаа хүн би тэдэн шатлалын дараа дээд албан тушаалд очно гэсэн ит­гэл үнэмшилтэй болно.
Төрийн албанд доороос нь эх­лээд ажиллаж байтал ха­жуу­гаар нь нэг хүн шурдхийж орж ирээд удирдлага болчихвол тэр хүн төрийн албанд ажиллаад, шат дараалж ахина гэсэн итгэл үнэм­шилгүй болчихно. Тиймээс тус­гай шаардлагыг УИХ батлаад өг­чихвөл сул орон тоон дээр өрсөлдөж байгаа хүмүүс тухайн албан тушаалын наад захын шалгуурыг хангасан байна шүү дээ.
-Тэгвэл тусгай шаардлага бат­лагдаагүйгээс сөрөг үр да­га­вар үүсч байгаа байх нь ээ?
-Тусгай шаардлагагүй бай­хын бас нэг хор хөнөөл нь сул орон тоо гарангуут ажил ол­гогч Төрийн албаны зөв­лөлд за­хиалга ирүүлэхдээ аль боло­хоор авъя гэсэн хүндээ тохи­руул­­сан шаардлага ирүүлдэг. Ту­хайл­бал адилхан агентлагийн дар­га байхад нэг нь таван жил ажил­ласан, нөгөө нь огт ажил­лаа­гүй байсан ч болно гэх м­э­тийн зө­рүүтэй шалгуурууд орж ирдэг.
11 яамны Төрийн нарийн бич­гийн даргын орон тоо зэ­рэг суларлаа гэж бодоход Зас­гийн газраас оруулж ирэх шалгуур бүгд адилхан байна гэсэн ба­тал­гаа алга. Нэгдсэн шаард­лага бат­лаагүй учраас ийм асуудал үүсч байна. Төрийн албаны зөвлөлд захиалагчаас ирсэн шаардлагыг нь өөрчлөх эрх байхгүй.
Шаардлага нь арай сулдаж байна, ийм шаардлага байх ёсгүй гэ­сэн байдлаар захиалгыг нь бу­цааж байсан тохиолдол бий л дээ. Гэхдээ сул орон тоог бариад байж болохгүй учраас сонгон шал­гаруулалтыг зарладаг.
-Хүүхдийн төлөө газрын дар­га философич, Ph.D цолтой бай­на гэсэн шаардлагыг Зас­гийн газраас тавьсан гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ тэр шаардлагыг хан­гасан нилээд олон хүн бүрт­гүүлж өрсөлдсөн шүү.
-Хэн нэгэн хүнд тусгайлан з­о­риулсан шаардлага тавигдаад бай­хад Төрийн албаны зөвлөл түү­нийг нь хүлээн зөвшөөрөөд, сон­гон шалгаруулалтыг явуул­сан хэрэг үү?
-Шаардлагыг нь буцаах эрх зүйн үндэс байхгүй. Хуу­лиараа Тө­рийн албаны зөвлөл за­хиа­лаг­чийн ирүүлсэн шаард­ла­гын да­гуу шалгаруу­лалтыг явуу­лах учир­тай.
-Үүнээс үүдээд улстөрийн то­милгоо захиалагч, ажил ол­гог­чоор дамжиж хийгдээд бай­гаа юм биш үү?
-Ерөнхийдөө тийм хандлага байгаа гэдгийг шууд хэлчихье.
Ажил олгогч нь дураараа, өө­рийнхөө сонирхсон хүнд таа­руу­лах хандлагатай захиалга ирүүл­дэг. Тэр хүн нь ганцаараа биш өр­сөлдөгчид ч гарч ирдэг. Гэхдээ өр­сөлдөгчдийн хүрээг багасгах оролдлого хийх нь бий. Гэвч ганцаараа орж ирээд шалгараад явчихдаг тохиолдол байхгүй.
Ер нь бол бидний үйл ажил­лагаанд дутагдал байж магадгүй. Гэх­дээ сонгон шалга­руулалтыг шу­дарга явуулах талаасаа Тө­рийн албаны зөвлөл ямар нэгэн хард­лагад өртөхөөргүй хэмжээнд ажил­ладаг.
-Төрийн албыг цэвэр байлгах нь танай байгууллагын үүрэгт ажил шүү дээ?
-Манайх өөрөөсөө шалтгаалах зүй­лийг хийгээд, УИХ-аар тус­гай шаардлага батлуулах са­нал тавьсан. Баталж өгөхгүй гацаа­гаад байна шүү дээ.
-Олон улсын практикт тө­рийн жинхэнэ мэргэшсэн алба улс­төрөөс ангид байх ёстой хэ­мээ­дэг. Танай байгууллага энэ чиглэлээр ажиллаж байна уу?
-Төрийн албанд улстөрийн оролцоо яваад байна уу даа гэдэг хардлага ихэнхдээ удир­дах ал­бан тушаалын томил­гоо­той хол­богддог. Төрийн алба­ны удир­дах, гүй­цэтгэх албан тушаалын то­мил­гоог шударга явуулах, улс­төрийн нөлөөллөөс ангид байл­гах талаар Төрийн албаны зөв­лөл сүүлийн жилүүдэд нэлээд ажил хийсэн. Төрийн албаны удир­дах албан тушаалтныг сон­гон шал­гаруулах журмыг УИХ-аас ба­талдаг. Журмын дагуу сон­­гон шалгаруулалтыг явуулах ар­­гач­ла­лыг Төрийн албаны зөв­лө­лөөс ба­талж, мөрдүүлж бай­­гаа. Энэ нь сонгон шал­га­руу­лал­тад гад­ны нөлөө орохгүй байх нөх­­цө­лийг хан­гахад чиглэгдэж бай­­гаа юм.
-Гэтэл ямар нэг байдлаар гад­ны нөлөө ороод л байна шүү дээ­?
-Бид журмын дагуу шалгалт явуулж байгаа. Үүнд ямар нэг алагчлал, улстөрийн ая тал хар­сан зүйл байхгүй гэдгийг би 100 хувь итгэлтэй хэлнэ. Х­э­рэв үнэмшихгүй бол манай бай­гуул­лагад сонгон шалгаруулалт явуул­­сан бүх материал бий.  
Сүүлийн жилүүдэд төрийн ал­баны шалгалтад орсон хүмүү­сээс нэг ч гомдол гараагүй. Бүгд шалгалтын дүнг хүлээн зөв­­­­шөөрч байгаа. Тэгээд ч би хү­мүүс­­тээ итгэж байна.
-Мөнгө төлөөд төрийн ал­банд ордог гэсэн ойлголт иргэ­дийн дунд бий. Төрийн алба хэ­зээ өнгө мөнгө, улс­төрөөс салах юм бэ?
-Энэ асуудал удаан яригдсан байж магадгүй. Гэхдээ одоо алга бол­сон. Одоо ингэж ярьж байгаа хүн ер нь байгаа юм уу.
Сүүлийн үед цахимаар шал­галт авах ажлыг туршиж байна. Ар­га хэлбэрээ улам нарийсгаж, хүний хүчин зүйл орохгүйгээр шал­галт зохион байгуулах чиг­лэлд анхаарч байгаагийн нэг ил­рэл энэ. Нэг зүйл нэмж хэлэхэд сонгон шалгаруулалтаар нэгээр гарсан хүн тухайн ажил дээрээ очихгүй байх тохиолдол гардаг. Тэд “Би төрийн албаны шалгалт өгч нөөц бүрдүүлэх гэснээс тэр албан тушаал дээр очьё гээгүй” гэж хэлдэг. Тэгэхээр томилж бол­доггүй.
-Ийм тохиолдолд яах вэ?
-Тодорхой албан тушаал дээр төрийн албаны шалгалтад ор­чихоод ажилд орохгүй гэдгээ илэрхийлсэн бол шууд нөөцөөс хас­на гэж журамд өөрчлөлт оруул­сан.
-Төрийн албан хаагчийн ёс зүй­тэй холбоотой асуудал нэ­лээд хөндөгддөг. Танай бай­гуул­ла­гаар дамжаад төрийн албанд оч­сон хүмүүс авлигачид болоод бай­на шүү дээ. Үүнийг хэрхэх вэ?
-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал дээр Төрийн ал­баны зөвлөл мэргэшил, арга зүйн удирдлагаар хангана гэ­сэн хуулийн заалттай. Түү­нээс биш Төрийн албаны зөв­лөл бай­гуул­лага бүрт очиж ажил­лаад албан хаагч бүрийн дэргэд зог­сож байх боломжгүй.
Манай зөвлөл өнгөрсөн онд Төрийн захиргааны албан хаагч­дын ёс зүйн дүрмийг шинэчлэн Засгийн газраар батлуулж, энэ дүр­мийг хэрэгжүүлэх журам батлан мөрдүүлж эхлээд байгаа. Энэ журмын дагуу төрийн за­хир­гааны байгууллага бүрт ёс зүйн хороо байгуулагдан ажилд орсон. Энэ жил бүх ёс зүйн хороонд сур­галт явуулсан. Төрийн албаны зөвлөлд байгууллагууд хагас, бү­тэн жилээр ёс зүйн зөрчлийн мэдээ өгч байхаар болсон. 2011 оны эхний хагас жилээр ирсэн мэ­дээ­гээр бол улсын хэмжээнд 137 ёс зүйн зөрчил бүртгэгдээд бай­на.
-Дүрэм журам баталлаа гээд ёсзүйн зөрчил арилахгүй байгаа нь харагдаж байна шүү дээ?
Төрийн албан хаагчийн ёс зүй, томилгоо, төрийн алба бүхэл­дээ ямар байх тухай асуудлыг надаас асуугаад байна. Хэрэв манайх ийм чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага юм бол 15-хан хүнтэй байх ёсгүй биз дээ. 300 сая төгрөгийн төсөвтэй, 15 хүн­тэй Төрийн албаны зөвлөл тө­рийн албыг цэгцлэх гээд ажиллаж л байна.
Хамгийн цомхон атлаа хам­гийн өргөн хүрээтэй үйл ажил­ла­гаатай төрийн бай­гуул­лагыг аваад ир гэвэл Төрийн албаны зөв­лөлийг аваад очиж болно. Ёс зүй сахиулах асуудлыг зохион бай­гуулах, хяналт тавих үүрэг нь байгууллагын удирдлагуудад бий. Хэрэв ажилтан нь ёс зүйн зөрчил гаргаад байхад тол­гойг нь илээд өнгөрүүлбэл тэр удирдах ажилтан ажлаа хийх­гүй байна гэсэн үг. Ёс зүй зөрч­сөн то­хиолдол бүрт нь хариуц­лага хү­лээлгэх ёстой гэсэн шаард­ла­гыг Төрийн албаны зөвлөлөөс тавь­даг.
-Намаас татгалзсан хэрнээ на­мын бодлоготой уяатай явдаг тө­рийн албан хаагчид ч байна?
-2008 онд Төрийн албаны ту­хай хуульд оруулсан нэ­мэлт өөрч­лөлтөөр намын харьяалалгүй байх асуудлыг шийдсэн. Энэ их зөв зүйтэй алхам гэдэг нь мэдэг­дэж байгаа.
Улстөрийн сонгууль дөхөж бай­гаатай холбоотойгоор Төрийн ал­баны зөвлөл орон нут­гийн төрийн албан хаагчид­тай­гаа уул­залт хийж байгаа. Саяхан зүүн гурван аймгаар яваад ирлээ. Дархан, Сэлэнгэ, Ховдын төрийн албан хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр улстөрийн үйл ажиллагаа, намын сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагч оролцож болохгүй, хуу­лийн заалтыг ягштал хэрэгжүүл гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-Сонгууль болохоор төрийн албан хаагчид нэр дэвшигчдийг дагаж хуйлраад байх юм биш биз?
-Төрийн албан хаагч улс­төрийн үйл ажиллагаанд орол­цож байна уу, үгүй юу гэ­дэг харьцангуй ойлголт. Аль на­мынх байх нь хамаагүй УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллаж бай­гаа бол үүнийг УИХ-ын ажил гэж ойлгож болно. Төрийн ал­бан хаагч үүргийн дагуу үүнд тус­лалцаа үзүүлж байгаа бол үү­нийг улстөрийн үйл ажил­лагаанд оролцож байна гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл УИХ-ын гишүүн тойрогтоо очоод, намын гишүүдийг цуглуулаад уулзалт хийж байхад нь төрийн албан хаагч очоод, дэмжлэг үзүүлж бай­гаа бол гарцаагүй улстөрийн үйл ажиллагаанд оролцож бай­гаа хэрэг гэх мэт.
-Төрийн алба хэт данхайж бай­на гэсэн шүүмжлэл байна. Ирэх оны төсөвт ч гэсэн төрийн ал­бан хаагчийн тоо нэмэгдэхээр орж ирсэн. Ер нь Монголд тө­рийн албан хаагч 170 мянга байх шаардлага бий юу?
-Төрийн албан хаагчдын олон, цөөнийг би өнөөдөр хэлж мэ­­дэх­гүй. Судалгаа явуулаад, мэр­­гэж­лийн хүмүүс үнэлгээ дүг­­нэлт хийх ёстой байх. Ийм су­дал­гаа гараагүй байхад хэлэ­хэд бэрх. Одоогоор ажиллаж бай­­гаа төрийн албан хаагчдын 70 гаруй хувь нь үйлчилгээний ал­бан хаагч байгаа. Үүн дотор эмч, багш нар, шинжлэх ухаа­ны­хан, урлагийнхан, соёлын сал­ба­рын­хан орж байна. Ялангуяа багш эмч нар нэлээд хувийг эзэлдэг.
Нэг ангид 40-50 хүүхэд суралцаж, хөдөө орон нутагт эмч нар дутагдалтай байхад багш, эмч нарын орон тоог хасч болох­гүй шүү дээ. Яг нарийн судал­бал төрийн албан хаагч нэмэх шаард­лагатай байгууллага ч бий, хасах шаардлагатай бай­гуул­лага ч байгаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш