Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн “Бэлх” болон “100 айл” дахь цагдаагийн хэсгийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.09.27/ боллоо.
Тус цагдаагийн хэсгүүдийн байр нь 1996, 1999 онд ашиглалтад орж байсан бөгөөд ашиглалтын хугацаа нь хэтэрсэн байсан юм. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн байрыг төсвөөс хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө, 1 автомашины граж бүхий 98 метр квадрат барилга, "100 айл" дахь цагдаагийн хэсгийн байрыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 3 өрөө бүхий 117 метр квадрат бүхий барилгыг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд болон тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Энэхүү үйл ажиллагааг нээж Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ: Сүхбаатар дүүрэг 145.000 гаруй иргэдтэй бөгөөд тус дүүрэгт байрлах хоёр хэлтэс нь хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажилладаг. Улаанбаатар хотын хамгийн хүндрэлтэй газрууд бол захын дүүргүүд юм. Тийм ч учраас дүүргүүдийн цагдаагийн газрууд үндсэн чиг үүргээ хангаж, хэрэгжүүлэхэд хэсгүүдийн байр, үйл ажиллагаа нэн чухал шаардлагатай. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Бэлх” дэх цагдаагийн хэсэгт хөрөнгө оруулалт хийж, ашиглалтад оруулж байгаад Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлээд, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ аль болох иргэдтэй ойрхон байж иргэдийн дэмжлэгийг авч ажиллахад илүү дөхөм болж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр алба хаагчдын ажиллах боломж нөхцөл сайжирч байгаад баяртай байна. Бид цаашид ард иргэдийнхээ амар тайван байдал, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө илүү их хичээж ажиллах болно гэдгийг уламжлаад нийт бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт хүссэн юм.