Иргэдийн дунд гурав дахь буюу нэмэлт тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна.
-Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?
- Нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эхлээд 20 хонож байгаа ч иргэд эхний хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой. Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
-Хоёр удаагийн вакцин хийлгэсэн иргэд хэдий хэр хугацааны дараа гурав дахь тунд хамрагдах вэ. Халдвар аваад эдгэсэн иргэд хамрагдах ёстой юу. Энэ бүгдийг мэдэхгүйгээс иргэд хойрго хандаж байна уу?
-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тун буюу гурав дахь тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд тун тодорхой заасан байдаг. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх ёстой юм. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа.