logo
Ковид-ын үеийн тээвэр, дамжин өнгөрүүлэх тээврийн асуудлаар санал солилцов

Ковид-ын үеийн тээвэр, дамжин өнгөрүүлэх тээврийн асуудлаар санал солилцов

2021/10/01

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Public Forum 2021 арга хэмжээний үеэр буюу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Хямралын үеийн тээвэр, дамжин өнгөрүүлэх тээврийг хөнгөвчлөх нь: КОВИД-19 цар тахлаас авсан сургамж” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, ДХБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ коронавируст цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн 2020 онд дэлхийн худалдааны хэмжээ 5.3 хувиар буурсан ч, өнгөрсөн оны сүүлээс эхлэн улс хоорондын худалдаа эргэн сэргэж, түүнийг дагаад чингэлэг тээврийн эрэлт огцом нэмэгдэн, энэ оны 9 дүгээр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад чингэлэг тээврийн үнэ дунджаар 309 хувиар өссөн, далайд гарцгүй хөгжиж буй улсуудын хувьд уг үзүүлэлт бүр илүү, Монгол Улсад хүрэх чингэлгийн үнэ 6 дахин нэмэгдсэн байгааг онцлов.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Худалдааг хөнгөвчлөх тасгийн дарга Пол Хансен, ДХБ-ын мэргэжилтэн Вяра Филипова, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн судлаач Ж.Энхтуул, Deutsche Post DHL компанийн Худалдааг хөнгөвчлөх хэлтсийн дарга Стивен Поп нар илтгэгчээр оролцож, олон улсын худалдаан дахь тээвэр, нэн ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй улсуудын дамжин өнгөрүүлэх тээвэрт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, бодлогын зөвлөмжийн талаар санал солилцов.

ДХБ-ын Public Forum арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын худалдаанд чухлаар тавигдаж буй цаг үеийн онцлог асуудлуудаар төр, хувийн хэвшил, судлаач, эрдэмтэн, оюутан зэрэг сонирхсон бүхий л хүмүүс хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөтэй санал солилцох талбар юм. “КОВИД-ийн дараах худалдаа: хямралыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх нь” ерөнхий сэдвийн дор болж буй энэ удаагийн Public Forum арга хэмжээний үеэр 100 гаруй сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнөж буй бөгөөд манай улс ийнхүү анх удаа тусгай хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш