logo
УИХ-ын дарга Японы Цог Жавхлант Эзэн хаантай уулзлаа

УИХ-ын дарга Японы Цог Жавхлант Эзэн хаантай уулзлаа

2011/12/14
Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тус улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихито, хатан Мичико нарт өнөөдөр бараалхжээ.  Цог Жавхлант Эзэн хаан Акихито бол Эзэн хаан Хирохитогийн ууган хүү бөгөөд 1990 онд Япон улсын Эзэн хаанаар албан ёсоор өргөмжлөгдсөн аж. Тэрбээр хаан ширээг залгамжлан авахдаа “Үргэлж ард түмэнтэйгээ хамт байж, Үндсэн хуулийг ёсчлон сахина” гэдгээ мэдэгдэж байжээ.
Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл дараа нь Японы Ерөнхий сайд Ё.Нодатай хийсэн уулзалтынхаа үеэр тус улсын парламентын танхимын тэргүүнүүдтэй хийсэн уулзалтууд дээр ярьсан зүйлийнхээ түвшинд улам нарийвчилж хөндлөө. Эдийн засгийн болон гадаад харилцааны талаархи Засгийн газрын төвшний асуудлуудыг ч мөн энэ үеэр хоёр тал харилцан ярилцсан байна.
Энэхүү уулзалтын дараа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Японы Гадаад харилцааны сайдтай уулзлаа. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга тус улсад ажиллаж байгаа монгол иргэдийн даатгалын асуудал, визний хөнгөлөлтийн талаар хөнджээ.
Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол, Японы хөрөнгө оруулалтын семинарын нээлтийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр энэ хөрөнгө оруулалтын уулзалтыг Токио хотноо зохион байгуулах боломжоор хангасан Японы ЖЕТРО байгууллагынханд талархал илэрхийлээд Монголын парламент гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох эх орондоо татах таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна хэмээлээ. Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, эх орондоо өнөөдөр ирэх юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш