logo
 Д.Болор-Эрдэнэ: Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргаад орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлээрэй

Д.Болор-Эрдэнэ: Хувь хүний орлогын албан татварын тайлангаа гаргаад орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлээрэй

2011/12/14
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнэтэй хүн амын орлогын албан татварын талаар ярилцлаа.
-Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэн гэж яриад байна. Энэ үнэн үү?
-“Хувь хүний  орлогын албан татварын тухай” хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар орлогын арван хувийг тооцож байгаа. Одоогоор хувь хэмжээ нэмэгдээгүй. Хувь хүний орлогын албан татвар гэдэг олсон орлогоос нь арван хувийг суутгаж тооцно гэсэн үг.
-Цаашид энэ татвар нэмэгдэх үү?
-Нэмэгдэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Харин 2011 онд хоёрдугаар сард “хүн амын орлогын албан татварын тухай” хуулийн 16 дугаар зүйл буюу чөлөөлөгдөх орлогод хоёр заалт нэмэгдсэн. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн борлуулах орлогыг чөлөөлөх,  агаарын бохирдлыг бууруулах замаар иргэдэд олгож байгаа түлш, нам даралтын зуух, дулаалгын материалыг чөлөөлөх орлогод тооцсон.
- Энэ онд хүн амын орлогын албан татварт хэдэн төгрөг төвлөрөх вэ?
-Хүн амын орлогын албан татварын тайлан жилд нэг удаа гардаг. Хуулийн дагуу иргэд ирэх оны 2-р сарын 1 гэхэд тайлангаа гаргаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах ёстой. Тухайлбал, 2008 онд 16 мянга гаруй иргэн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байсан бол 2010 онд 32 мянган иргэн хамрагдаж 9,4 тэрбум төгрөгийн буцаан олголтоор авсан.
-Иргэд ямар нөхцлүүдэд хөнгөлөлт эдэлж байна вэ?
-Иргэд 16 заалтын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Хөнгөлөлтөд дөрвөн нэр төрлийн заалт бий. Үүнээс орон сууцны чөлөөлөлт болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг иргэд илүү эдэлдэг.
-Хүн амын оролгын албан татвараа хэдэн жил төлсөн тохиололд эдлэх вэ? 
-Тухайн жилдээ тайлан гаргасан тохиолдолд л эдлэнэ. Тайлан гаргаагүй бол дараа онд нөхөж эдлэх боломжгүй. Тиймээс иргэн бүр дараа оны 2-р сарын 1-ний дотор харьяалагдах аймаг, нийслэл дүүргийнхээ татварын хэлтэст хэвлэсэн маягтын дагуу тайлангаа гаргах хэрэгтэй. 
Ц.Баяр
www.shuum.mn


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш