logo
Л.Баярсайхан: Уулчны зүрх сэтгэлийг уул эзэмддэг

Л.Баярсайхан: Уулчны зүрх сэтгэлийг уул эзэмддэг

2011/12/14
Манай улсад уулын аялал хөгжөөд хагас зуун жилийн нүүр үзэж байна. Анх зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пескарёвын ахалсан 11 хүнтэй Монгол Зөвлөлтийн хамтарсан баг тамирчид 1956 онд Алтай Таван Богдын Хүйтэний оргилд гарч төрийн далбаагаа мандуулж, Монголын уулын аяллын анхны гарааг эхлүүлжээ. Энэхүү хагас зуу гаруй жилийн хугацаанд Монголын уулчид гаргасан амжилтаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Монголд гадаадын уулчдын сэтгэл зүрхийг эзэмдэх уулс дээшээ дээвэр тулсан уул манханууд олон байдгаараа Олон улсын аялагчдын аяны жолоо ямагт манай улсын хилийн дээсийг алхдаг нь нууц биш юм. Тиймдээ ч Алтай Таван Богдын Хүйтэний оргил Олон Улсын 2А гэсэн ангилал зэрэглэлтэй ажээ.
Монгол Hiking клубын үүсгэн байгуулагч Л.Баярсайхантай уулын аяллын талаар Алтай Таван Богд Хүйтэний ноён оргил, Гималайд байдаг Когеори гэдэг 5360 метр  ууланд төдийгүй  Гималайн Imja Tse хэмээх 6169 метр өндөр оргилоор амжилттай аялсан аяллын талаар ярилцлаа.
-Та уулын аялалыг юу гэж ойлгодог вэ?
-Би уулын аяллаар яваад удаагүй. Эхэлж байгаа гэж ойлгож болно. Олон улсын мастер уулчин Байгаль эгч олон жил уулаар аялаж байна. Миний хувьд уулын спорт гэх үү, уулын аялал гэх үү энэ чиглэлийг  спорт гэдэг талаас нь хардаггүй. Уулын аялал бол  спорт биш. Зарим хүн сэтгэл санаагаа сайхан болгож сүм хийд рүү очдог, зарим нь Говьд  байгаа хийдрүү зорьж очдог шиг  уул гэдэг бол эдгээрээс ялгаа байхгүй. Уул бол маш сайхан, хамгийн гэгээн ариун, хамгийн эрүүл саруул эрч хүч өгдөг цагаан ордон гэж ойлгодог. Би ууланд хүндэтгэлтэйгээр хандаж, маш сайхан гэрэлт гэгээн ордон юмаа гэж  ууланд алхаж авирах оролдлого хийж байгаа болохоор спорт гэж хэлдэггүй.
-Та хэр их алхдаг вэ, монголын өндөрлөг газруудаар аялаж байв уу, ямар ямар газруудаар аялаж байв?
-Алхахын хувьд би тогтмол алхдаг. Монгол “Hiking” гэдэг клубыг 5 жилийн өмнө 2006 онд байгуулаад тэрнээс хойш үндсэндээ нэг ч бүтэн сайн өдрийг алгасалгүйгэээр өвөл, зун, хавар, намар, цастай, бороотой, салхитай нэг ч өдөр таслаагүй таван жил алхаж байна. Манай клубт бүртгэгдсэн тоогоороо 200- аад гишүүнтэй  тогтмол үйл ажиллагаатай. Бүтэн сайн өдөр болгон арав, хорь, гучаараа заримдаа таван хүн ч уулаар аялах тохиолдол байдаг. Уулын авиралт гэж ярихын бол Олон улсын хэмжээний мастер уулчин Байгаль эгч намайг дагуулж, би дагаж 2011 оны 6 сарын 22нд  хоёулаа Монгол улсын хамгийн өндөр оргил болох Алтай Таван Богд Хүйтэний оргилд авирч гарсан. Энэ миний гарсан анхны орой гэсэн үг. Урьд өмнө тийм өндөр орой дээр гарч байгаагүй. 4374 метр өндөр оргил байдаг. Тэр орой дээр зургаа дугаар сарын 22 нд гарахад бидний араас олон уулчид тамирчид гарч ирсэн. Тэнд бусад уулчидтайгаа таарч уулзсан. Жишээ нь гавъяат тамирчин Г. Өсөхбаяртай анх уулзсан. 2011 оны 10 сарын 30 нд хоёр дахь оргил буюу  Гималайн Imja Tse гэдэг уугуул нэртэй, олон улсын нэр нь айсинт пик гэдэг нэртэй. 6169 метр өндөр оргилд амжилттай авирч гараад ирлээ. Мөн Олон улсын хэмжээний мастер уулчин Байгаль эгч бид хоёр Гималайд байдаг Когеори гэдэг 5360 метр  ууланд амжилттай авирч гарсан. Дараа нь Чоло Пас 5200 метрийн өндөр даваан дээр гарсан.
-Уулын аяллаар явахад бэлтгэлээ хэрхэн базаах, техник хэрэгслийн хувьд ямар байдаг вэ?
-Уулын аяллын хувьд зардал нэлээн өндөр гардаг. Би эхэндээ сайн мэддэггүй байсан. Таван жилийн хугацаанд бүтэн сайн болгон уулаар алхаад байхад хүн бага багаар таниж мэдэхийн хэрээр хувцас техник хэрэгсэлтэйгээ танилцаад судлаад ирэхээр, маш олон уулаар аялдаг алхдаг авирдаг хүмүүсийн санал сэтгэгдлийг судлаад үзэхээр, бүх мэдээллээ авсны дүнд үндсэндээ бэлтгэлээ хангаж яваа. Нэлээн үнэтэй гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Хамгийн чанартай хэрэгсэл бэлтгэх хэрэгтэй байдаг. Учир нь ууланд явж байхад тэнд ямар ч үзэгч байхгүй. Би үүнийг спорт гэж хэлдэггүй. Яагаад  гэхээр сагс, сумо,  бөх гээд бүгд заал дүүрэн үзэгчтэй, сагсчин хүн маш сайхан тоглолт хийгээд бөмбөгөө шидээд оруулахад тэр дорно алга ташаад баяр хүргэж байна. Тэндээс урам зориг аваад явдаг. Харин ууланд хэн ч байхгүй, таныг хэн  ч харахгүй, нэг үгээр хэлбэл аялагч тухайн үедээ хэнд ч сонин биш зөвхөн тэнд өөрийнхөө зүрх сэтгэл мөн чанартайгаа, эх дэлхий болсон байгаль дэлхий, уул бид хоёр хоёулахнаа байгаа. Маш хүйтэн мөс, мөсөн ханан дээр цасан дунд цасан шуурган дунд ганцаархнаа уултайгаа, эх дэлхийтэйгээ байдаг. Үзэгч байхгүй. Уулын орой дээр гарахгүй байж болно дундаас нь буугаад ирж болно, хэн ч харахгүй. Гэтэл яагаад зүтгэсээр байгаад оргилд нь хүрээд бууж ирж байна вэ гэхээр үнэхээр уултайгаа харьцаж, уулаа хүндэлж өөрөө өөрийгөө ялан дийлж хүрч байгаа. Үзэгчийн төлөө хийгээгүй л гэсэн үг. Тиймээс би үүнийг спортоос тусад нь өвөрмөц зүйл анги болгож ярихад онцлог байдаг. Тухайлбал  зааланд тоглож байгаа тамирчин ямар нэгэн бэртэл гэмтэл авахад эмчийн тусламж аваад эмнэлэгт хүргэгддэг жишээтэй байхад ууланд тийм юм байхгүй. Их амь дүйсэн. Ямар нэгэн асуудал гарахад хэн ч туслахгүй гэж хэлж болно. Тиймээс эдэлж хэрэглэж байгаа хувцас хэрэглэл тэр бүхний үнэ хамаагүй ээ. Тэр хувцас хэрэглэлүүд амь насыг хамгаалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд амь насыг чинь хамгаалж байгаа учраас боломжоороо  хамгийн сайн, хамгийн чанартай хувцас эдлэл хэрэглэлийг ашиглавал жинхэнэ хань ижил хамгаалалт болно. Уулчдын маш олон санал сэтгэгдэл интернэтээр байдаг. Маш өндөр уулын оргилд яг гарахын даваан дээр хэдхэн метрийн өмнө оргилдоо хүрч чадахгүй буцсан яагаад гэвэл зөвхөн бээлий нь гулгаад уначихсан гэх жишээтэй. Жижигхээн зүйлээс болж, эсвэл чанаргүй муу хэрэгслээс болж саатал гардаг.
-Дэлхий хэмжээний амжилтуудаас дурьдвал?
-Миний таниж мэдэхийн хүрээнд уулын хамгийн өндөрт гарсан  том амжилт гэвэл манай Монголоос гавъяат тамирчин Г.Өсөхбаяр  маань дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн оргилд хоёр удаа гарсан. Дараа нь манай эмэгтэй тамирчдаас Б.Гангаамаа өнгөрсөн жил гарсан . Дэлхийн хэмжээнд маш олон уулчид аялагчид бий. Яг надтай таарсан гайхамшигтай зүйл гэвэл “Imja Tse” оргилд гарахад намайг газарчилж, надад тусалж явсан Sherpa  Нямаа Гомбо гэж хүн байсан. Тэр маань дэлхийн дээд Эверест 8848 метрийн орой дээр 16 удаа гарсан хүн. 23 удаа дайралт хийснээс 16 нь амжилттай орой дээр нь гарсан. Эверестийн оргилд хүрэхийн өмнө 200 метрийн өндрөөс 400 метрийн өмнөөс буцсан гэх тохиолдлууд их байдаг. тэгэхэд 16 удаа гарна гэдэг бол агуу том үзүүлэлт. Гомбын гэр бүлийн хувьд маш сонирхолтой бахдалтай, гайхамшигтай зүйл нь ах дүү долуулаа бүгд Эверестийн оргилд гарсан. Эверестийн оргил дээр нийлээд 55 удаа гарсан. 55 удаагийн 16-д нь Нямаа Гомбо гарсан.  Нямаа Гомбын төрсөн дүү Мягмар гэж залуу 17 удаа Эверестийн оргилд гарсан.
-Аяллаар явж байхад амь насаа алдсан тохиолдол хэр байдаг вэ, эрсдлийн хувьд?
-Уул гэхлээр хүмүүс арай  хэтрүүлж ойлгодог. Бэртэж гэмтэхээ хүрвэл ямар ч хүний үйл ажиллагаа хаана ч тодорхой эрсдэл байдаг. Ууланд яагаад бэртэл гэмтэл ихэвчлэн гардаг вэ, амь насаа алдах тохиолдол гардаг вэ гэхээр ямар ч үзэгчгүй хэн ч байхгүй байгальд ганцаараа, цөөхүүлээ ч юм уу явж байгаа шүү гэдгээ ухамсарлахгүй, бэлтгэлгүй явснаас л болдог. Бэлтгэл сайн хийх юм бол, хувцас хэрэглэл сайн байх юм бол зориулалтын хувцастай хэрэгсэлтэй байвал ямар ч цаг агаартай ямар ч нөхцөлд ямар ч ууланд хүн эрсдэлгүй явж болох юм. Харамсалтай нь энэ бүхнийг  тооцдоггүйгээс эрсдэл гардаг. Өндөр ууланд  нэг асуудал байдаг. Би үүнийг сая  Нипал Балба яваад ойлгосон. Өндрийн өвчин гэж байдаг. Өндрийн өвчин гэдэг нь тэр хэмжээгээрээ  бид хичнээн өндөрт гарна агаар сийрэгжээд, агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасдаг. Үүнийг хүн хүний бие организм янз янзаар хүлээн авдаг. Яг 10 сарын 30 нд оргил руу авираад буух хооронд Энэтхэгийн баг бууж чадахгүй авиралтаа зогсоогоод буцсан. Яагаад гэвэл нэг тамирчин амь насаа алдсан. Дээшээ авирч байгаад амь насаа алдсан. Маргааш нь Японы нэг тамирчин бас амиа алдсан. Яагаад тийм юм болов юунаас болов гэдгийг хоорондоо ярилцаад мэдээлэл солилцоход өндрийн агааргүй орчинд биеэ дасгах процесс нь хангалтгүй байсан. Жишээлбэл миний хувьд уул руу авиралт хийхийн тулд 13 хоног зарцуулсан. 13 хоног 5000 метрийн өндрөөр аяласан гэсэн үг. Биеэ дасгаад явна гэсэн үг. Гэвч Энэтхэгийн уулчид үндсэндээ 7-10 хоногийн дотор л очсон юм шиг байна лээ. Тэгээл шууд уул руугаа дайрсан. Уулын аялалд олон уулчид явах нь бий,  хүн болгон ижилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг агааргүй орчинд дасан зохицох онцлог нь хангалтгүй байсан учраас харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Ийм  тохиолдол олон гарсан байдаг. Гэхмэтчилэн энэ бүгдээс урьдчилан сэргийлж болох байсан уу гэвэл болох байсан. Энэ нь биеэ бэлдэх хугацаагаа уртасгаад хангалттай бэлдсэн бол заавал амь насаа алдана гэсэн зүйл байдаггүй.
 -Гималайн оргилд гарна гэдэг бол маш том амжилт та амжилтандаа хүрэхийн тулд өмнөө ямар зорилго тавьж, бие сэтгэлээ хэрхэн бэлдэв?
-Миний хувьд биеийн бэлтгэл гэж сүрхий их бэлддэггүй. Амьдралдаа би нэг ч удаа спорт зааланд орж байгаагүй. Ер нь биеийн тамирын хүн биш. Сүүлийн үед ихээр гарч ирээд байгаа фитнесс гэдэг газар ч орж үзээгүй. Миний тогтмол хийдэг ганц бэлтгэл гэвэл  бүтэн сайн болгон уулаар алхдаг. Уулаар хамгийн богинодоо дөрвөн цаг уртдаа 10 цаг алхдаг. Уулын оройгоор  алхаад явах сайхан. Богд уулын орой дээр гарахад хэдэн давхар шүүсэн мэт хачин сайхан цэвэр агаартай байдаг. Тэгээд л уулаар аяладаг нь миний бэлтгэл болдог. Өөр тусгай жороор схемеер жинхэнэ тамирчид шиг ачааллаа нэмж биеэ бэлддэг юм байхгүй. Сэтгэлийн бэлтгэлийн хувьд маш их чухалчилдаг. Уулчдын хувьд биеийн бэлтгэлээс сэтгэлийн бэлтгэл их чухал.1975 онд Эверестийн оргилд гарсан Японы анхны эмэгтэй уулчин байдаг. Тэр эмэгтэй хэлэхдээ: “Та ямар ч бэлтгэлтэй, ямар ч хэрэгсэлтэй байлаа гээд тэр бүхэн таныг уулын оргил дээр гаргачихгүй ээ, харин таны чин зүрх сэтгэл,  хүсэл эрмэлзлэл сэтгэл тань л уулын орой дээр гаргана шүү” гэж хэлсэн байдаг юм билээ. Би үүнтэй их санал нийлдэг. Хамгийн гол нь бас уултайгаа яаж хандаж байна вэ гэдэг их чухал. Манай уулчид ярихдаа тэр уулын оройг эзлээд гэж ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Хүн хэзээ ч уулыг эзлэж чадахгүй. Хүн хэзээ ч уулын оройг эзэмдэж чадахгүй. Яг бодит амьдрал дээр яадаг вэ гэхээр хүн үнэхээр энгийн уулчин биш хүмүүсийн түвшинд ярих юм бол маани тарниа уншиж, гуйж аргадаж бүр яая даа гэж тэр орой дээр хөлөө тавьдаг. Тэгэхлээр уулыг, уулын оройг юун эзлэх эзэмдэх. Тэр бол асар их хүч чармайлт хэрэгтэй. Тэгэхээр эзэмдэнэ гэж ярьж байгаа нь буруу, гуйж байж гардаг. Тэр уулынхаа лус савдагийг нь аргадаж байж бид нар уулын орой дээр гардаг болохоос зүгээр л эзлээд эзэмдээд гардаг юм биш ээ. Хүн уулыг эзэмддэггүй юмаа харин уул бидний зүрх сэтгэлийг эзэмддэг.
-Таны энэ удаагийн аяллын онцлог юу байв?
-Энэ авиралтын нэг онцлог нь  анх удаа монголын тамирчид дэлхийн хэмжээнд саа өвчнийг зогсооё гэсэн уриалгатай авиралт болсон.
Намайг ингэж уриалсны төлөө Rotary клубынхэн энэ сан руу явуулж байгаа. Санд орж ирсэн мөнгөөр нь өнөөдрийн Пакистан, Энэтхэгт вакцинжуулалтанд хамрагддаггүй хүүхдүүдэд вакцин хийж өгч байгаа. Цэвэр буяны зорилгоор уриалга гаргасан.  Сайн үйлсийн төлөө уулын авиралт хийдэг юм шүү ямар нэгэн спонсор байхгүй цэвэр өөрсдийн зардлаар дэлхийг хамарсан хүмүүнлэгийн үйлсийн төлөө явж байна. Аль болох олон монголчуудад Гималайг үзүүлэх бас нэгэн зорилго тавьж байгаа. Оргил өөд авирах нэг нь авираад заавал хүн болгон тэр өндөр оргил өөд гарах албагүй шүү дээ.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Уулын аялалтай холбоотой өөрийнхөө хүсэж байсан зүйлүүдийг хийгээд  явж байгаа. Таван жилийн өмнө  клубээ байгуулсан. Уулын аялалд олон хүн байх тусмаа их хэцүү. Би 20-с дээш хүнийг салгаж бүлэг бүлгээр нь хуваадаг.  Ууланд явж байгаа хүмүүс өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүлийнхээ уур амьсгалд эрч хүч авчирч, ажил төрөлдөө ч амжилт бий болгож байдаг. Энэ бүхэн манай клубээр дамжиж олон хүн эрүүл орчинд уулын аялалд дуртай болсон. Тэгэхээр би өөрийн төлөвлөж байсан зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа.1993 оноос би телевизээр эрүүл амьдрах тухай, эрүүл орчин гээд их ярьсан. Алийн болгон ярихав гээд бусдыг уриалан дуудаад, үйл хэрэг болгож явъя гэсэн зорилгодоо бол хүрсэн. Ууланд авирдаг хүн бол хэзээ ч зогсдоггүй, дараа дараагийнхаа оргил өөд үргэлж тэмүүлж байдаг. Цаг нь болохоор дараагийнхаа оргил руу явна даа.
-Та бүхнийг төр засгаас үнэлж шагнал урамшуулал өгдөг үү?
-Ямар юмных нь шагнал урамшуулал байхав, төр нийгэм харьцахгүй энэ бол ашгийн бус үйл ажиллагаа. Цаана нь ямар ч эрх ашиг  байхгүй. Манай клубын гишүүд бүтэн жилдээ 20 мянган төгрөгны татвар төлөөд явдаг. Сайхан найз нөхөд болоод, эрүүл агаараар амьгалж бие сэтгэлээ ариусгадаг гэж хэлж болно. Энэ нийгэмд биш хуучны 1990 оноос өмнө магадгүй өнөөдрийн энэ үйл ажиллагааг  маш өндрөөр үнэлэх байсан. Улс нийгэм, залуучуудыг эрүүл ахуй амьдралд сургаж,  эрүүлжихэд бодит хувь нэмэр оруулж байна, биеийн тамираар хичээллэ гээд үлгэр дууриал болоод бүтэн сайн болгон хөлс хүчээ зарцуулаад олон нийтийг эрүүл амьдралынх нь төлөө уриалан дуудаад явж байгааг 1990 оноос өмнө байсан бол магадгүй өндрөөр үнэлэх байсан байх.
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш