logo
Монгол Улс анх удаа “тайган”-тай болов

Монгол Улс анх удаа “тайган”-тай болов

2011/12/14
Тайган болгох нь балар эртний нэгэн бүдүүлэг ёс заншил гэгддэг. Ази Дорно дахинд нэлээд өргөн дэлгэрсэн нэгэн өвөрмөц уламжлал юм. Үгээгүй  ядуучууд үр хүүхдээ тайган болгож, хаад ноёдын үүдийг сахиулж, гэдэс цатгалан амьдруулах нэгэн амьжиргааны арга хэрэгсэл нь байсан гэдгийг түүх шастирт багагүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сүүлийн үед тайган ба түүний эмгэнэлт хувь тавилангийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, телевизийн сувгаар харуулдаг болжээ.  Балчир насны хөвгүүдийг тайган болгодог уламжлал нь Япон, Солонгос, Манж, Хятад, Вьетнам зэрэг гүрэнд өргөн дэлгэр хэрэгжиж ирсэн ёсон юм билээ. Монголын хаад ноёдын хувьд хөвгүүдийг тайган болгодог уламжлал хэрэгжиж байсан нь ховор бөгөөд тийм баримт сэлт хаа нэгтэй өргөн дэлгэр гарт тааралдаад байдаггүй. Найман зууны тэртээгээс эх авсан буурал түүхээ сөхөхөд хөвгүүдээ тайган болгож байсан уламжлал Монголын хаад ноёдын хувьд уншигддаггүй түүх. Гэтэл ардчилсан Монгол оронд анх удаагаа тайган төрүүлсэн нь олны анхаарлыг татлаа. Манай шүүх эрх мэдлийн байгууллагынхан анхныхаа “Тайган”-ыг өлгийдаж авлаа. Тэрхүү “Тайган”-ыг харин хэнээр овоглох нь чухал түүх болж үлдэнэ.
Сүүлийн үед “PC” тоглоомын газрууд энд тэндгүй цэцэглэж байна гэхэд хэлсдэхгүй. Комьютер тоглоом нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлж аливаа асуудалд задлан шинжилгээ ургуулан бодох шийдвэрийг оновчтой гаргах, гадаад хэл сурахад ач холбогдолтой гэж ойлгож өдөржин шөнөжин “PC” тоглоомын газарт өсвөр насныхан хүч чадлаа үзэлцэнэ.Юу сурсанаараа  бусад үе тэнгийнхэндээ ч  гайхуулна.
 Комьпютерийн энэ ертөнц ардчилсан Монгол улсын хувьд хөгжлийн нэгэн гайхамшиг боловч анхны тайган төрүүлж өгсөн нь нэн эмгэнэлтэй. Нэгэн “PC” тоглоомын газарт Баяраа, Мянганжаргал гэгч хоёр хөвгүүн удаан хугацаагаар тоглож наадан тоглоомондоо улайрч суусаар бүр сүүлдээ бооцоот тоглоомонд дондтог болжээ.  Бооцоо нь хамаг байдаг ухаан санаа, эд юмсаа тавин туудаг нэг ёсондоо сэтгэхүйн ийм гаж донд шүглэж ордог төдийгүй хэнийг ч байсан  нэр нүүргүй болгодог хорт зуршилд хүргэдэг  юм байна. Өсвөр насны хоёр хөвгүүн ийм л замаар хөтлөгдөж, эцэстээ нэг нь тайган болж, үр удмаараа  хохирсон харуусал ингэж эхэлсэн юм. Бооцоо хортой бас шартай.  Нэхэл хатуутай наадам нэртэй гэмт үйлдэл  болохоор аль байдгаа алдаж, алдсандаа хорсож, ахин дахин даагаа нэхэх нь юу ч биш бололтой. Хоол унднаасаа гарч, эцэж цуцахаа ч мэдэх тэнхээгүй тамиргүй  болтлоо тоглоно. Нэг л мэдэхэд тэр хоёр жаал гэрээсээ өөдтэй өнгөтэй юу   байна түүнийг гаргаж мөнгө болгоод даагаа нэхэх аргад шилжсэн байлаа.  Тэр хоёр балга ус уухаар гэртээ орохдоо Баяраагийн гэрт шилэн хоргон дотор гялалзах хос монетон бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг тэргүүтнийг  авч борлуулаад  PC тоглоомын газарт хоёр  найз дахин хүчээ үзсэн хэрэг.
Арваад хоногийн дараа манай гэрээс юм алга болсныг мэдчихлээ.  Би явлаа гээд  PC тоглоомын газраас Баярааг гарахад түүний эх Бадамханд хатагтай аль хэдийнэ цагдаа цэрэг дуудчихсан Мянганжаргалыг баривчлуулжээ. Мянганжаргал жаалыг цагдаагийн ажилтан Алтангэрэл гэгч “Чи яагаад хүүхэд дээрэмддэг юм бэ”   гэж хэлээд  газарт  савж, төмсгийг нь бяц  өшиглөжээ.  Орь дуу тавин  гудамжинд  эвхрэн хэвтэж байгаа Мянганжаргал жаалыг одоо хэлтэс рүү аваад яв хэмээн тушаал өгч байгаа Бадамханд гэгч хэн бэ. Цагдаад тушаал өгч байгааг бодоход эрх мэдэл бүхий албан тушаалтан уу эсвэл Алтангэрэл цагдаагийн төрөл садан уу.   Мянганжаргалыг “Тайган” болгох гэмт үйлдэл эндээс эхлэж өрнөсөн байдаг.  Хууль хяналтынхан Бадамханд, Алтангэрэл хоёр Мянганжаргалын бие эрхтэнд хүнд  гэмтэл учруулахад нөлөөлсөн гол буруутан гэмт этгээдүүд атал хавтаст хэрэгт тэдний талаар ганц ч үг үсэг байхгүй. Гэмт үйлдлийг шалган тогтоогоогүй байна.
   Хүний бие эрхтэнд онц ноцтой хүнд гэмтэл учруулсан үйлдлээ цагдаа нуун дарагдуулах замаар Мянганжаргалыг Сүхбаатар дүүргийн саатуулах байранд   албадан саатуулсан нь түүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэхээс зайлсхийсэн  башир арга хэрэглэсэн болох нь  одоо нэгэнтээ  тодорхой болжээ.
 Мянганжаргалыг үргэлжлүүлэн “Ганц худаг”-ийн урьдчилан хориход 72 цагийн турш цагдан хорьж, гэмт үйлдлээ халхавчлах арга хэмжээ авсан нь ч  илэрхий байна. Юуны учир тэд Мянганжаргалыг хорихын эмнэлэгт хэвтүүлэв. Ердөө л  төмсөгнийх нь хавдарыг буулгах гэж. Хавдар нь буух нь байтугай амь насанд нь аюултай болохыг эрхмүүд мэдрэлгүй яахав. Баяраагийн эх Бадамханд хатагтай цагдаагийн ажилтан Алтангэрэл нарын энэхүү гэмт үйлдлийг халхавчлах гэж  шат дараатай хууль бус үйлдэл хийсэн нь хэний ч гэсэн хорсол зэвүүцлийг төрүүлэхүйц сонсогдоно. Хэдхэн хоногийн дараа шүүх эмнэлгээс  Мянганжаргалаас үрийн шингэн авахуулсан нь түүнийг эмчилэх бус харин “Тайган болгох” арга ухаанаа олж, гэмт үйлдлээ нуун дарагдуулах  цагдаагийнхны  хэлээр “угаалга” гэдэг операци явагдаж байгааг жаалхүү Мянганжаргал юугаа ч мэдэх билээ. Цагдаа Алтангэрэлийн  тийрэлтээр бяцарсан төмсөг цаашид хүүгийн эрүүл мэнд, амь насанд  нэгэнтээ аюултай, үхэлд хүргэж болзошгүй байсан нь тодорхой. Тийм учраас түүний эрхтэнг сугалж авахаас өөр аргагүй байдалд хүрч, хорихын эмнэлэгт мэс ажилбар явуулж Мянганжаргал жаалыг ийнхүү “Тайган” болгож байгаа юм даа.
Түүнийг ингэж амьдралаар нь үр удмаар нь  үндэс язгуурыг нь хөнөөн таслаж байгаадаа цагдаагийнхан, Баяраагийн ээж Бадамханд хатагтай нар сэтгэл төвдөхгүй байгааг бодоход манай хүмүүсийн хүний мөс чанар ямар муухай дордсон нь харагддаг. Хүний хүүхдийг  эцэг, эх ах дүү нарт нь хэлэлгүй хурга, ишиг шиг засч орхидог гэж бас байх аа. Ингэж түүнийг хүний ёсноос гадуурхаж, доромжлоод зогсоогүй Мянганжаргал хүүг  анх  хулгайн хэрэгт сэжигтэнээр татаж, байцаалт авч байснаа хүүг хууран мэхлэх арга замаар  нэг л өдөр  дээрмийн хэрэг болгон өөрчилж, ялыг хүндрүүлсэн баримт сэлтийг үндэслэн төрөл төрөгсөд нь   одоо ч нэхэл хатуутай  гомдол  үргэлжилж байна.
   Мөрдөн  байцаагч Бат-Очир гэгч  “Сайн бодоорой.  Хулгай хийсэн  дээрэм хоёрын ялгаа байхгүй. Хохирол чинь өчүүхэн юм байна. Санаа бүү зов. Хохирогч чинь гомдолгүй гэсэн болохоор санаагаа бүү зов оо.  Чамайг шоронд хийхийг хүсэхгүй байна. Чи ч хүн. Би ч хүн. Чи  ер нь гарынхаа үсгийг өөр өөрөөр зураад байна. Үүн дээр гарынхаа үсгийг адилхан зураарай гээд гуравхан ширхэг хоосон  цагаан цаасыг  Мянганжаргалд  өгсөн байна” . Жаалхүү нөгөө цаасан дээр нь гарынхаа үсгийг ар өвөргүй дурайтал нь зурж өгөөд  мөрдөн байцаагчдаа атгуулжээ.
 Хэдхэн   хоногийн дараа  Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх. 147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед  нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж  довтолсон бол  гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
 147.2. Энэ хэргийг давтан,  бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг,  урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”  гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч үг дуугүй гар хөлийн үсгээ зурчихсан ялын төлөвлөгөөг ийнхүү бэлэн болгожээ.

Шүүх эмнэлэг нь ч эмнэлэг. “Гадны нөлөөллөөр гэмтсэн. Үр тогтоох чадваргүй, Хүнд зэргийн гэмтэл” гэсэн дүгнэлт 2008 оны 10-р сарын 09-ний өдөр гаргасан байна. Юм үнэнээрээ байдагсан бол гадны нөлөөгөөр биш цагдаагийн ажилтан Алтангарэл өгшиглөсний улмаас гэмтсэн байна. Үр тогтоох чадваргүй. Хүнд зэргийн гэмтэл” гэсэнсэн бол шүүх эмнэлгийн дүгнэлт гэмт хэргийн гэм буруутай эзнийг тодруулж ял завших бололцоог хааж чадах л байж.  
   2008 оны 11-р сарын анхан шатны шүүх  хуралд прокурор Чимгээ: “Бэлгийн замын халдварт өвчний улмаас үр тогтоох чадваргүй” гэж шүүх хурал дээр хээв нэг залж гарсан байх юм. Энэ хэнд үйлчилдэг төрийн хууль тогтоомж хэрэгжүүлдэг прокурор вэ.
   Хүү нь  хилс хэрэгт гүтгэгдэн найман жил нэг сарын ял сонсоод ялтны лагерьт шилжсэний дараа 2010 оны 01-р сарын 10-нд  төрсөн эх нь очиж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад шүүх хуралд шүүх эмнэлгийн дүгнэлтийг оруулж, хэлэлцүүлээгүйг бодоход цагдаагийнхан их л хүч гаргаж, гэмтнийг өмгөөлөлдөө авч чадсан нь эндээс харагддаг.
 Хавтаст хэрэгт Шүүх эмнэлгийн гэмтлийн дүгнэлт авагдаагүй. Эд эрхтэнг авсан баримт сэлт тухайн эмнэлэг дээр ор тас байхгүй. Тэр тухай нотлох баримт ч хавтаст хэрэгт авагдаагүй байна. Таван айлд орж, хулгай хийсэн мэтээр баримт сэлт  бүрдүүлэн, нэг үйлдлийг хэд дахин өөрчилж, нөгөө Мянганжаргалын гараас авсан гуравхан ширхэг цагаан цаасан дээр зуруулсан гарын  үсэг ийм л хуурамч хэргийн нотлох баримт болжээ. Мянганжаргалын бие эрхтэнд учруулсан хүнд гэмтэл, гэмт үйлдлээ  нуун дарагдуулахаар хулгайн хэргийг дээрэм болгож,  олон жилийн ял оноож, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авалгүй хуурамч  дүгнэлт үйлдсэн гэм буруутай үйлдлийн жинхэнэ эзэд одоо илрэх цаг болжээ.   
  Сүхбаатар дүүргийн прокурор Чимгээ, Хан-Уул дүүргийн прокурор Мөнхбаатар, мөрдөн байцаагч Бат-Очир, Цагдаагийн ажилтан Алтангэрэл, Баяраа гэгч хүмүүний ээж Бадамханд нар ардчилсан монголд өлгийдөж авсан Тайганыхаа учрыг олох ч ёстой.
 Ялтан Мянганжаргалд оноосон ялыг дахин  татаж, хянах нь бас ч оройтоогүй байна. Эхийн сэтгэл гомдолтой. Харуусалтай. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй төрсөн үрийнх нь эд эрхтэнг сугалж авчихаад найман жилээр ялтны тоонд хуурамч баримт бүрдүүлэн  ялласан хууль, шүүхийнхнээс ял асууж явна.

Эх сурвалж:


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш