logo
Долоо хоногийн фокус мэдээ

Долоо хоногийн фокус мэдээ

2011/12/14
Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдлын тоймуудыг та бүхэн манай “Долоо хоногийн фокус мэдээ”-нээс уншиж болно. Танд өдөр тутмын сонин хэвлэл болон телевизийн онцлох мэдээ мэдээллийг цаг алдалгүй тоймлон хүргэж байна. Та сонин хэвлэлийн олон арван хуудсыг эргүүлж суухын хэрэггүй боллоо. Бид таны цагийг, бас мөнгийг тань хэмнэнэ. Өнгөрөгч долоо хоногт “Өдрийн сонин”, “Ардчилал”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”, “МҮОНРТВ”, “TV5”, “TM”, “UBS”, “MN25”, “TV9” зарим FM-ийн сувгаар цацагдсан онцлох мэдээ мэдээллүүд:

Чөтгөртэй ордон

Тусгаар тогтнолын ордон нэртэй сүрлэг энэ байшингийн буурин дээр олон сайхан эрчүүд амиа алдсан.Тэднийг жагсаал цуглаан хийлээ гэж чоно, нохой мэт ангуучлан хөөж,  буудаж хөнөөсөн. Талийгаачдын сүнс энэ байшингаас хаашаа холдох билээ. Ардын нам / МАХН/ -ын байрны таван давхарт Ардчилсан намын гишүүн, МоАХ-ны анхдагч партизан С.Ганбаатар нас барсан. Тэнд үхэн үхтлээ  бөөн цагдаагийн дунд ганцаар  зодуулж, амиа алдахдаа тэр л байшинд үүрдийн өс хонзонтойгоор мөнхөд нойрссон.  Тусгаар тогтнолын ордон уу эсвэл  ардчилал, хүний эрх, эрх чөлөөг зэвсгийн  хүчээр  хэрхэн нухчин дарсныг  хойчийн  маргааш өгүүлж байх нотлох баримтын  музей юу. “37“ оны их хэлмэгдүүлэлтийг гэрчлэх ганц музей манайд бий тэр нь Улс төрийн хэргээр хэлмэгдэгсэдийн  гэх нэртэй. Тусгаар тогтнолын ордон хэзээ нэгэн цагт бас л ийм нэртэй байх ч юм бил үү? Төсвийн хөрөнгөөр  босч өндийсөн болохоор Монголын ард түмний өмч хөрөнгө баймаар. Татвар төлөгчдийн 14,6 тэрбум төгрөгийг та бидний улаан нүүрэн дээр Ардын нам дээрэмдэж байгаа бус уу? УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа өмнөх суурь нь үнсэн нурам болтлоо шатсан. Суурин дээр нь ордон бослоо гэхэд энд тэндгүй “Чөтгөртэй ордон” гэлцэх боллоо. 2011 оны зун бас л тэнд гал гарсныг ихэд нууцалж байсан гэх. Саяхан бас оройноосоо түймэр авалцаж, олныг цочирдууллаа. Энэ сарын  23 –ны өдөр “Чөтгөртэй” гэгдээд байгаа ордны зургаан давхараас хүн унаж гэмтсэнийг  “Сүртэй юм болоогүй ээ” гээд хав дарцгааж, Ардын намын бага хурал чуулж л байна.   Тавын таван залууг буудаж  алчихсан улс чинь  зургаан давхар барилгаас хүн унах нь ёстой сүйдтэй юм биш л дээ.  Барилгын ажилтнууд, инженер техникийнхэн, жолооч нь хүртэл хүн унаагүй, мэдэхгүй, хараагүй  гэдэг  үгээр  улайм цайм ичих ч үгүй мэлзэж байхад МАН-ын дарга нар бүгд холбоо харилцаагаа таслаад таг жиг болчихсон  нь хачирхаад байх зүйл биш л дээ. Угаасаа угшил нь  тийм юм хойно доо.   Баянзүрх дүүргийн харъяат иргэн Даваадорж нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг.  Ардын намын байрнаас унаж, тархи нугасны хүнд гэмтэл авсан. Мэс засалд орох шаардлагатай ч хагалгааг даахгүй гэсэн оношлогоо тогтоогдсон байхад  Ардын намынханд сүйдтэй юм болоогүй байдаг.  Эрүүл саруул, ид хийж бүтээдэг насандаа яваа энэ залуу  үхлийн ирмэгт хүрсэнд  төрөл төрөгсөд нь гомдолтой байна.  Ми-8 нисдэг тэрэгний ослоор 15 залуу амь насаа алдаж байх зуурт У.Хүрэлсүхтэнгүүд Чингис зочид буудалд танц эргэж төрсөн өдрийнхөө баярыг “Алтангадас” одонгийнхоо найрыгхийж байсан юм чинь нэг залуу унаа л биз. Намаараа баяр цэнгэлд умбаж, хурал цуглаан хийж,  хөгжилдөх нь юу ч биш л дээ.  
 
Н.Энхбаярын өөдөөс Э.Бат-Үүлийг юуны учир сөргөлдүүлэв
Цагдаа, тагнуулынхан хэрхэн баривчилж, шорон гянданд хийж чаддагыг эрх биш Э.Бат-Үүл мэднэ. Тийм зовлонг бас энэ биеэрээ амссан хүмүүсийн нэг нь.  ХЗДХ-ийн сайдын албан тушаалд ажиллах болно гэдгээ нэг бус удаа  хэлж байсан нь санаанд саяхан шиг санагддаг. Тракторчдын жагсаалыг удирдахдаа  цагдаа, дотоодын цэрэг гэдэг хүний эрхийн эсрэг босч мэдэх  ямар их “хар хүч” болж,  Ц.Нямдоржийн гарт бэхжиж, төвлөрсөнийг мах цусаараа мэдэрсэн нь  Эрдэнийн Бат-Үүл. Тийм дээ ч  цагдааг би шинэчлэхийнх төлөө зүтгэнэ гэж хэлсэн удаа ч түүнд бий.  Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр  төрийн өндөр дээд албан тушаалтны дунд бэхжсэн  авлига, хээл хахуулийн эсрэг дайн зарлана гэж МАХН-ыг байгуулж байсан.  Ам алдвал барьж болдоггүйн  сургамжаар  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн албан тушаалаа урвуулан  идсэн, ашигласан гэх янз бүрийн  баримтыг тэрээр сөхлөө.  Ингэж сөхөх хүн Н.Энхбаяраас өөрөөр одоогийн нөхцөлд байхгүй байхаа.  Харин Э.Бат-Үүл юу болсон юм бол бүү мэд.  “Н.Энхбаярыг   улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх гэж байгаа бол би өмгөөлөх болно” гэсэн нь  Ц.Нямдоржид өгсөн нэлээд нигууртай  цохилт болов уу. Харин Э.Бат-Үүлийн хувьд хамгийн эмзэг сэдэв нь  С.Зориг агсаны хэрэг.  Ардчилсан хувьсгалын төлөө мөр зэрэгцэн явсан нөхрийгөө  алуурчны гарт  алдчихаад  өөрөө мөрдөнд байцаагдаж, явахдаа энэ хэргийн эздийг олсон цагтаа сэтгэлээ онгойтол  ярьж өгнө дөө гэж дотроо гашилж ч явсан юм бил үү. Хэн мэдлээ.   Н.Энхбаярын төлөө Үүл баатрыг хөдлөнө гэхээс үхэн хатан айсан этгээдүүд байдаг бололтой. Тэд  С.Зоригийн хэргээр Үүлийг далайлган Н.Энхбаяраас холдуулахын тулд  Н.Энхбаяр С.Зоригийн хэрэгт Үүлийг барьж өгөх юм шиг сенсааци дэгдээж эхэллээ. Зарим нь бүр үнэмшчихсэн тууж явна.  Энэ хоёр “арсланг” холдуулахад тэртэй тэргүй  дотроосоо нуран унаж байга олигархийн сүлжээ хүчээ авна гэсэн үг. Улс төрийн агуулгаараа  Н.Энхбаярын эсрэг  Э.Бат-Үүлийг  сөргөлдүүлэх нь эцсийн дүндээ Ц.Нямдоржид л ашигтай.  Н.Энхбаяр, Үүл хоёрыг хооронд нь  ингэж зодолдуулах аргаа хорчингууд  бас сүвэгчилж л байгаа юм байна.

Сэтгүүлчдийг   ялласан биш  олигархиудын өмч хөрөнгө задрав
Сэтгүүлч А.Баатархүү, Г.Уянга нарт шүүхээс 12 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдууллаа.  Улс төрийн зорилготой юм хойно арга ч үгүй байх.  Тэд  угаасаа давж заалдах нь ойлгомжтой байсан.  Сэтгүүлчийн мэдээллийн эх сурвалжийг анх удаа нийтэд ил тодоор нээж байгаа  ганцхан тохиолдол нь энэ л дээ. Манай улсад жилдээ  5000 орон сууц баригддаг гэсэн тоо баримт бий. Түүнээс мянга орчим нь голдуу хаус, аппартмент буюу өндөр зэрэглэлтэй  тансаг орон сууц байдаг гэдгийг хоёр сэтгүүлчийг шүүсний дараа  нээлттэй боллоо.  Бодь группын “Шинэ төгөл”, М-Си- Эс-ийн Сэлбэ, Орчлон хотхон,  Чоно компанийн Оргил, Портуна группын Жаргалан хотхонууд  зах зээлийн хүндхэн үед  босч  иржээ.   Түүний араас  Мантууш компанийн   “Роял кастл” мөн  Зайсанд байрлалтай “Мантууш” компанийн  хоёр ч хотхон бий. Эхнийх нь “Грийн Вилла”. Удаах нь     “Сөүл Роял Каунти”. Метр кв нь 600 ам. доллараас   2000 ам.долларт үнэлэгдэх  эдгээр тансаг хаусын эзэд нь голдуу сайд дарга, УИХ-ын эрхэм гишүүд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.    2007 онд ашиглалтанд орохдоо ам метр нь 2000 доллараар үнэлэгдсэн “Белла Виста”-д сайд Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж нарынх төвхнөжээ.   M-Cи-Эс-ийн Орчлон гэгддэг хотхонд Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, Нүхтийн аманд гэхэд л  Н.Энхбаяр, гишүүн Д.Загджав, Р.Буд, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нар,  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, О.Чулуунбат, Л.Гүндалай,  Баабар, Г.Батхүү,  “молекул” хэмээх Б.Батбаяр, Сү.Батболд, Н.Багабанди, Н.Энхболд, С.Баяр, Л.Болд,  Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар гээд л бүгдээрээ  төрийн буянд   тансаглах нөхцөлтэй болж чаджээ. Харин сайд Л.Гансүх, Ц.Нямдорж нар  хэл амгүй шиг амьдарч уг нь болмоор доо. Сайдууд заргалдах тусмаа санаанд оромгүй луйвар булхай илэрч байгаагийн хэсэгхэн нь энэ тансаг хотхонууд шүү дээ. Сэтгүүлчдийн мэдээллийн энх сурвалжийг нээх нь  ниймгэмд  ийм аюултай.  Сайд дарга нарын идсэн уусан авлигадсан нь ч  яахав. Ажлын байрны бэлгийн дарамт энэ тэр гээд   эр эмийн холбоотой асуудал дэгдвэл бүр ч хэцүүхэн  юм болно доо. 

Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчдийн  амыг үдэхээр заналхийлжээ

Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Хамгийн  анхаарал татсан нэгэн заалт нь “  Захиалгат нийтлэл бичиж,  нэвтрүүлэг явуулж, хүний нэр төрд халдаж,гутаан доромжилсон бол”  захиалагчийг биш тухайн сонин, телевизийг  арав хүртэл сая  төгрөгөөр торгох заалт оруулжээ.  Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс   “Ингэж арай ч болохгүй, яг үнэндээ сон¬гуулийн үеэр сэтгүүлчид бус улстөрч, нэр дэвшигчид л бие биенээ газар доогуур ор¬тол муулж телевизийн цаг, сонины зай талбайг худалдаж авч түүнийгээ цацдаг шүү дээ. Энэ бол дэндүү увайгүй, шударга бус зүйл болох гээд байна”гэсэн тайлбар ирүүлснийг хэвлэл мэдээллийхэн нийцтэй хүлээж авлаа. Хэвлэл мэдээллийнхэнтэй төр, засгийн газрын эрхмүүд нэлээд харшилтай.  УИХ-ын дэгийн тухай хуульд парламентын байнгын хороодын хурлыг хаалттай явуулах заалт оруулж ирээд буцаж хуульчилсан.  Жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдалд шилжвэл хилийн ба дотоодын цэргийг дайчлан оруулж, галт зэвсэг хэрэглэх хуулийн заалтыг ХЗДХ-ийн Сайд Ц.Нямдорж Цагдаагийн тухай хуулийн төсөлд  оруулж ирээд ихээхэн хэл ам татлаад байгаа.  УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл  мөн иймэрхүү хуулийн төсөл боловсруулж, эмх замбараагүй  жагсаал цуглаан болбол 15 жил хүртэл  цагдан хорих цээрлэл хүлээлгэхийг санаачилж байсан.  Ер нь үнэн бодит мэдээллийг олон түмэнд хүргэхээс ихэд цэрвэдэг болжээ эрхмүүд. 

Улс төрийн намуудыг татан буулгах цаг болжээ
Улсын дээд шүүхэд 19 нам үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн  албан ёсны бүртгэлтэй ч байгаа байхгүй хоёр нь үл мэдэгдэх намууд олонтой.  Нам нэртэй намын тамга өвөртөлсөн дарга нар л энд тэндгүй. Татан буулгах эрх нь Улсын дээд шүүхэд байдаг ч улс төрийн нам гэсэн ор нэр төдий намуудыг ер татан буулгаж байсангүй.  Дөрвөн жилд нэг удаа амь орно. Сонгуульд ялалт байгуулж чадах аль нэг  намыг дагаж хэдэн төгрөг салгаж авч чадвал жижиг хэмээх нэрэндээ таарсан намуудын улс төрийн үйл ажиллагаа дуусгавар болно. Мөнгө салгах арга нь нарийн. Хэн нэгэнтэй нь өрсөлдүүлж  сонгуульд нэр дэвшүүлнэ.  Сөрөг нэвтрүүлэг явуулж бас багагүй гай чирнэ.  Нэрээ татлаа гэсэн  тохиролцоогоор өрсөлдөгчөөсөө хэдэн зуун саяар нь мөнгө салгаж чадна. Дараа жилийн наадам хол байна даа гэдэг шиг дөрвөн жил нойрсоно.  Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж байнгын үйл ажиллагаагүй бол дээд шүүх татан буулгаж байхад буруудах нь юу л гээч.    Хүмүүс улс төрд юуны учир үхэн хатан ингэтлээ зүтгээд  байдаг юм бэ гэвэл аль ч  орны улс төрийн намууд засгийн эрхэнд гарснаар  улс орныхоо  нийгмийн баялгыг хувиарлах боломжийг  сая олж авна гэсэн үг. Үүнийгээ улс төрд орох гишгүүр гэж нэрлэнэ. Эрх мэдэлд хүрч байгаа болохоор арга ч үгүй оносон нэр л дээ.    Улс төрийн намууд байгуулагдах засгийн эрхийн төлөөх тэмцэл нь ердөө л энэ.  Амлалт мөрийн хөтөлбөр энэ тэр нь сонгогчдын саналыг авах арга хэрэгсэл болохоос биш хэрэгжээд биелэгдээд байдаг зүйл огт биш гэдгийг олон ч  сонгууль явагдлаа. Даанчд ээ  одоо мэдэхтэйгээ болсон байлгүй дээ.   Монголын улс төрийн салбарт Ардчилсан нам,  Ардын нам /МАХН/ хоёр л ээлжлэн, хамтран,  эвсэн 20 гаруй жил  төрийн эрхийг барьлаа.    Ногоон нам,  БНН, Иргэний зориг, Эх орон, МУНН -ууд  парламентад  суудалтай намуудын тоонд орон, гаран явж  иржээ.   Амьдрах чадваргүйгээ мэдэрч сайн дураараа татан буугдсан, аль нэг намд нэгдсэн, нийлсэн намууд гэвэл  бас чиг гайгүй хэдэн тоо уншигддаг.  “Монголын либерал ардчилсан нам”,  “Монголын либерал нам”,  “Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам”,  “Монголын социал демократ нам” , “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”,” Иргэний хөдөлгөөний нам”, “Хөгжил, хөтөлбөрийн нам” гэдгийг хаана байдаг ямар үйл ажиллагаа явуулдаг болохыг хэнч мэдэхгүй.
 Харин  “МУНН”-ыг О.Дашбалбар агсаны нэрээр, Эх орон намыг Б.Эрдэнэбатын “Эрэл”компаниар, БНН-ыг Буянгийн Жаргалсайханы нэрээр,  Монголын Ардчилсан хөдөлгөөний намыг хааяа хааяа мэдээллийн хэрэгслээр   нэр нь сонсогддог зэргээр мэдрэгддэг байх. Эдгээр намуудын нэг хоёр дарга даамал нь   үе үе зурагтаар харагдана. Ганц нэг сонин хэвлэлийн буланд нэрлэгддэг.  Монголын Ардчилсан нам, Ардын нам,  Монголын ногоон нам,  Иргэний зориг нам,  МАХН  гэсэн хэдхэн тооны намууд улс төрд  шавхарч  үлдлээ.  Энэ удаагийн сонгуулиар ИЗН, НН-ууд төр засгийн эрхийг барих үйл хэргээс шахагдах бизээ. Парламентад суудалгүй улс төрийн нам төдийлөн удалгүй мөхдөг жам манайд үйлчилдэг.  2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам, Ардын нам, МАХН гурав төрийн эрхэнд нийгмийн баялгыг хувиарлах эрх бүхий үлдэж бусад нь жам ёсоороо нөгөө үйлтэй дөрвөн жилээ дөмбийтөл хүлээх хувь тавлинтайгаа золгоно байх.   Парламентад  суудалгүй, засаг захиргааны нэгжээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах чадваргүй улс төрийн намуудыг татан буулгах цаг болжээ.

Женко юу ярив. Түүний 11 захиа   
Түүний хэвлэлд өгсөн  ярилцлага өнгөрөгч долоо хоногийн гол сенсаац боллоо.  Зарим нь магтаж нөгөө хэсэг нь харааж хэлэх хэлэхгүй үгээр дайрч эхэллээ.  Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сайдын хувьд шүүмжлэлтэй л хандсан байна лээ.  Олон ч санааг эндээс авч болохоор. Үүнд:
1. Тавантолгойн нүүрсийг урьдчилсан гэрээгээр зарж, олсон мөнгөнөөсөө иргэдэд тараах  биш нүүрсээ сайтар борлуулаад дэд бүтцээ хөгжүүлэх энэ бол түүний хэлсэн үг.
-Сайдын энэ санааг эх оронч үзлийн илэрхийлэл  буюу монголын ирээдүйг харсан ухаан гэж хэн ч ойлгоно. Харин сайдууд түүнийг үзэн ядна.
2. Ухаа худагийн уурхайн коксжсон нүүрсийг тонн тутмыг 70 ам.доллараар борлуулахаар өмнөд хөрш рүү гэрээ хийсэн байна. “Эрдэнэс Монгол” компани ч  мөн ялгаагүй. Өнөөдөр зах зээлд  хүрэн нүүрс  тонн нь 110 ам.доллар, коксжсон нүүрс нь  300-350 ам.долларын үнэтэй байна.
-Улаанбаатарчууд хүрэн нүүрсийг тонн тутмыг 70 000-80 000 төгрөгөөр авч байхад эрх мэдэлтнүүд  Өмнөговь аймагт  коксжсон нүүрсний  тонн тутмаас 40 ам.долларыг зувчуулж байгааг сайдын ярилцлагаас хамгийн тэнэг нь ч гэсэн ухаарч ойлгоно. Бүр хулгай гэж шууд хэлсэн байсан.  Хэлээд байхад хэд мэддэггүй Засгийн газартай болсныг эндээс ойлгож болно.
3. Ухаахудагийн 70 ам.долларын үнэ чинь хуурамч  үнэ. Хилийн цаана өөр үнэтэй, давхар гэрээ хийгээд 40-50 долларын зөрүүг монголын татварын албанд бүртгэлгүй дансаар авдаг. Монгол Улсдаа бол 70 ам.доллараар борлуулсан гэдэг хуурамч гэрээгээ үзүүлээд, тэр үнээрээ татвар төлдөг. 2010 онд Монголын компаниуд 15 сая тонн нүүрс хятад руу борлуулснаас ердөө 200 сая ам.долларын татвар авсан гэж байгаа.
-Эндээс ард түмнийг хэрхэн хууран мэхэлдэг Засгийн газар вэ. Аж ахуйн нэгжүүд тийм хуурамч гэрээ хийсэн бол татварын албаныхан шууд л үйл ажиллагааг нь  хаана зогсооно. Засгийн газар хуулийн өмнө ийм давуу дампуурсан эрх эдэлдэг аж. Одоо нүүрс борлуулагч аж ахуйн нэгжүүдээс нууж үлдээсэн татварыг нь буцааж  татан төвлөрүүлэх шаардлага   тавигдлаа. . Яагаад болохгүй гэж?
4. “Монгол улс нүүрсийг Австралиас илүү их хэмжээгээр хятад руу экспортолсон гэж байна. Австралийн төсөвт нүүрснээс хоёр тэрбум гаруй ам.доллар орчихоод байхад илүү ихийг зарсан Монголын төсөв орж ирж байгаа юм байхгүй”. 
-Монголчууд өмч хөрөнгөө эргэж нэг хармаар санагдлаа. Сайд нарыг авлига авсан гэсэн нь  хардлага биш  бодитой болох нь орлогын энэ зөрүүгээс  харагдаж эхэллээ. Олсон орлогоо  төсөвт оруулж ирэхгүй зувчуулдаг зам зөрөг бас байна гэж ойлгогдож байна. Төсөвт оруулаагүй орлогыг тооцоолж,  Сангийн сайд С.Баярцогт, ТЭХЭБ-ын сайд Д.Зоригт нараас тодруулга авч,хариуцлага тооцох цаг болжээ. 
5. “Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сард төмөр зам, дэд бүтэц, 100 мянган орон сууц, Сайншандын цогцолбор гээд олон зүйлийг баталсан. Уул уурхайгаас мөнгө ороод ирэнгүүт “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт багтаж буй эдгээр төслүүдэд хөрөнгө оруулна гэж баталсан. Үсрэнгүй хөгжлийн суурийг бүрдүүлнэ гэж ярьсан. Одоо ажил удаан явж байна. Би ч сүүлдээ энийг ярьсаар байгаад ад болж байх шиг байна”.
-Бүтээн байгуулалтын мөнгө нь  монголд биш хятадад сааж байгаа болохоор яаж ажил ургашлах юм бэ.  Хамтарсан Засгийн газраас Тавантолгой, Оюутолгой түүний араас  стратегийн нэр бүхий 36 ордыг луйварын замаар алдаагүй дээрээ Засгийн газрыг  бүрэн бүрэлдэхүүнээр нь  нэн даруй огцруулмаар санагдлаа.
6. “Ухаахудагийн нийт нөөцийн бараг 40 хувийг нь  дөрөв, таван гэр бүл авчихсан. Үлдсэн нь 2.7 сая иргэнд ногдох маягийн байгаа. Тэд Ухаа худгийн нөөцөөр Хонконгийн биржээс 4 тэрбум долларын хөрөнгө босгожээ. Гэтэл бидэнд байгаа 96 хувийг Дэлхийн банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд 15 тэрбум доллар гэж үнэллээ. Энэ бол тун шударга бус. Ухаахудагийн төмөр зам барих,эрчим хүчний шийдвэрийг төрөөс гаргасан. Том Таван толгойн хувьцаа уг нь тэднийхээс түрүүлж гарах ёстой, гэтэл байдаггүй. Засгийн газрын сайд нарт Ухаахудгаас орон сууц өгчээ. Тэрний нэг нь сая Н.Энхбаярын хэрүүлээр тодорхой боллоо. Ц.Нямдорж тэднээс тансаг байр авч, тэрийгээ түрээсэлдэг гэж хэллээ. Одоо бусад сайд нарынх нь авсан зүйл тодорхой болох байх. Хувийн компанийн ажлаас төрийнх хоцроод яваад байдаг. Энэ нь ойлгомжтой, зохион байгуулалттай шүү дээ”.
-Таван толгой-Оюу толгой стратегийн  бусад ордууд ер нь луйварчдын гараар орчихсон юм биш үү.  Сайд нар Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас авлига авчихжээ. Тэр нь тансаг орон сууц  болж одоо илэрч байгаа юм байна. Ухаахудагийн 40 хувь буюу Гонгконгийн хөрөнгийн бирж  дээр дөрвөн тэрбум ам.долларын мөнгө босгосон 4-5 гэр бүлд хэн хэн багтав. Сэтгүүлчид одоогоор Ерөнхий сайд Сү.Батболд/ Энержиресурс”, “УИХ-ын гишүүн Батхүү / Шунхлай/,  Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат / Тэнгэрийн цаг/ нарыг хардаж нэрлээд эхэлчихлээ. 
7. Архины эсрэг хуулийг хүмүүс надад санал болгосон. Архины бизнес хийдэг хүмүүс их хуралд олноороо байна ... нэг гараараа архи зараад, нөгөө гараараа хууль батлаад байгааг болиулаач гэсэн саналын дагуу хэсэг хүмүүстэй хамтраад хууль санаачлаад явж байна, дэмжигдэх үгүйг мэдэхгүй. Аль болох архи, тамхи, хар тамхи зэргээс хол байх ёстой. Нийгмийг хамарсан зовлон болно. Ийм нөхцөлд бид дамжин өнгөрөх зам, тээвэрлэгч болох нь тодорч эхэллээ. Ийм учраас дээд зэргийн сэрэмжтэй байх ёстой. Миний ажиллаж байгаа хуулийн төсөлд энэ асуудлыг ч бас тусгаж байгаа.
-Үнэндээ  архинд живж ухаангүй тэнэгүүд болох нь Засгийн эрхийг барихад хялбар дөхөмтэй байж болох талтай. Ухаангүй согтуу Монголтой юугаа ч ярих юм билээ. Монголчуудыг  бодлогоор архинд живүүлж байгаа юм биш үү. Одоо хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчид олширч, хятад оронд мансуурлын төрлийн  эм бодис тээвэрлэдэг зөөдөг хүмүүсийн тоо өссөн байна. Архи, тамхи бол сайд нарын үндсэн бизнесийн орлого нь. Архины эсрэг хууль батлагдаж хэрэгжих нь  юу л бол. Ядуурал, ажилгүйдэл, гуйланчлал, өвчлөл, аргаа барсан хүнд хэцүү, харахад нүд халтирмаар амьжиргаа хаана байна Нийслэлд.   Хулгай,дээрэм,булаалт залилангийн гэмт хэрэгт холбогдсон  эмэгтэйчүүд, хүүхдүүдээр манай улсын шорон дүүрчээ.  Архины  117 үйлдвэр, спиртын 17 үйлдвэрээс жилдээ 35,1 тонн литр спирт үйлдвэрлэж байна. Архины үйлдвэрээс спиртынх нь даруй гурав дахин илүү үйлдвэрлэл явуулж байна. Насанд хүрсэн 1,8 сая хүнтэй. Нэг хүнд 15 литр архи ногдож байна. Хүүхэд эмэгтэйчүүд архинд ид уусч байна.  Архи гэгчийг УИХ-ын гишүүд үйлдвэрлэж байгаа цагт Архины эсрэг хууль батлагдах нь эргэлзээтэй.
8. Одоо энэ Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр хэрэлдээд л байна. Энэ бол тийм чухал юм биш. Цагаа тулахад тэд нэг орой архидаад л эвсээд гараад ирнэ. Сая тэр Сонгуулийн хуульд дээр МАН буулт хийлээ л гээд байна. Энэ бол худлаа. Тэр санал нь Цэц дээр уначих болов уу.  Хугацаа байхгүй болно. Хуучнаараа явна.
-Жинтэй санаа.  Мажоратор  хувилбар нь   Ардын намд ашигтай. Жижиг тойргуудад мөнгө цацаад, хуурч мэхлээд нэг бүрээрээ гарч чадна.  Н.Энхбаяр хэлж байсан. МАХН хэд ч хуралдаж болно. Тэндээс хамгийн зөв гарц гарна гэж. Нэг дэх хурлаараа  Ардын нам болсон.  Хоёр дахь хурлаараа МАХН дахин төрсөн. Одоо гурав дахь удаагаа хуралдвал  МАХН нэрийн дор эвсэж мэднэ.  Тэр цагт Ардчилал нуран унаж, Ардын намын нэрээр хуурамч ардчилал цацагдаж, түүхийн цаг хугацаа эргэж,  хүчтэй гэгдэх Ерөнхийлөгчийн засаглал дор дарангуйлал нөмөрч  мэдэх л юм.   
9. Өнөөгийн ноёрхол  бол 1921 оноос хойш. Ямар ч хүн уйдах байхгүй юу. Тэгээд хийсэн бүтээсэн юм байхгүй. Тэгээд уйдахаараа бухимдах болно. Ийм юмыг давхар давхар алсын хараатай харж явах л ёстой юм даа.
-Ардчиллын замаар  Монголчууд 20 жил зүтгэлээ. Сүүлдээ хамаг байдгаа алдлаа. Одоо газрын дорхи баялгаа ухуулж байна. Шударга ёс алдагдаж, эрх мэдэл бүхий дарга сайд нар бүхнийг дарлаж, доромжлох болж. Ядуу хүний хүүхдийн уух сүүг баян айлын нохойн гөлөг долоож байхад  Монголчууд бухимдалгүй яахав.  
10. “Бидний үед АН-ын рейтинг өндөр байна” гэж тайлбарладаг юм. МАХН салсан, салахад нь бид нэг их үүрэг роль гүйцэтгээгүй шүү дээ. МАН хоёр салсан учраас бидний рейтинг өндөр яваад байгаа юм.. Ямар ч судалгааг аваад үзсэн манай намын дарга маань эхний 10 улс төрчид байхгүй л байгаа юм. Одоо сонгууль болж байхад бид ийм даргатай яваад орох нь зөв юм уу, үгүй юм уу Эсвэл дарга маань судалгаанаас нэрээ татаад авчихдаг юм болов уу. Би энийг хэлэх, шүүмжлэх эрхтэй, үүрэгтэй хүн. Энэ намаас нэр дэвшээд, ард түмнээс мандат аваад УИХ, Засгийн газарт ажиллаж байгаагийн хувь хэлэх л ёстой. Ардчилсан хүчний ууган байгууллага МоАХ-г толгойлж байгаагийн хувьд ч би хэлэх битгий хэл шаардах учиртай.
-За даа  “Илжигний чихэнд алт хийсэнч сэгсэрнэ. Ус хийсэнч  сэгсрэнэ” гэдэг биз дээ. Нэгэнтэй ийм луйварын замаар орчихсон. Түүнээсээ салах гарцгүй хүмүүст юу ч хэлээд илжиг л гэсэн үг. МоАХ улс төрийн тэмцэлд босох цаг болжээ. Бид  нийгмийн шилжилтийг хийж чадсан. Одоо  эх орон ард түмнийхээ төлөө амь өрссөн тулаанд орох л үлдлээ. Өөрөөр өөдлөх зам мөр харагдахгүй байна.  МоАХ улс төрийн тэмцэлд дахин босч ирэх түүхэн үүрэг эдүгээ цаг төрийн өнгөнд   Женко-д ногдсон хувь заяаны ачаа төөрөг  болов уу.     
11. Хамтарсан Засагт ороход чинь манай ҮЗХ хуралдаад санал хураагаад “Монгол Улсын хөгжлийн төлөө” хамтарна аа гэсэн зорилготой орсон. Тэгэхээр ҮЗХ тайланг сонсоод дүгнэлтээ гаргах биз.
-Өнөөдрийн нөхцөл байдлын дунд Ардчилсан намын ҮЗХ юу ч шийдвэрлэх чадваргүй болсон. Хараад ч нэмэргүй. Хараагаад ч бүтэхгүй. Харин сонгуулиар ялагдал хүлээж, улс төрийн тавцангаас зайлуулагдаж магадгүй. МАХН- Ардын нам  нийлж мөнгөний сонгууль, луйварын санал хураалт болно. Энэ цаг мөчөөс эхлэн Монголд ардчилсан шударга ёс бүрмөсөн төгсгөл болж мэднэ. 1990 онд ардчилсан холбооныхонд орох орон зай олдохгүй байсан бол  2012 оны дараа гишгэх газар олдохгүй болж мэднэ.   Женко-гийн үг гашуунч  гэсэн сургамжтай.      
Эх сурвалж:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш