logo
Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина

Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина

2021/10/21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллаж, улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн “Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчдын албаныханд тус байршлыг үзүүлэн, судлуулсан. Гэвч уг газар нь сургууль барих хэмжээний том биш тул цэцэрлэг барих саналыг хүргүүлсэн юм. Иргэдээс санал авахад ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахыг хүссэн. Гэхдээ ногоон байгууламж барилаа гэхэд хэдэн жилийн дараа хэн нэгэн Хотын дарга нь газрын эрхийг цуцлаад, барилга барих зөвшөөрөл олгочих вий гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Тиймээс тус чөлөөлсөн газарт цэцэрлэг барих санал гаргаж байна” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Иймд “Баян Монгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.

Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш