logo
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

2021/10/21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа.

Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг Хотын даргаас хүслээ.

Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс, нийслэлийн төсөв хэлэлцэх чухал үед санаачилга гарган, уг саналыг хүргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярын саналыг хүлээн авлаа. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно. Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай,  амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн  “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөр нягтаршилтай бөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш