logo
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2021/10/21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын сонгуульт албан тушаал, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал эрхэлж болох зохицуулалттай. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” эрхтэй гэсэн нь зөвхөн хоёр талт парламентын бүлгийн даргаар сонгогдох тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм.

Улсын Их Хурлын гишүүн Олон Улсын Парламентын холбоо, Олон Улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд зэрэг Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой олон улсын байгууллага, төрөлжсөн байгууллагын сонгуульт ажилд сонгогдох нөхцлийг хаасан төдийгүй хэрэв сонгогдох бол хуулийн зөрчил үүсгэж болзошгүй зохицуулалт болсон байна. Дээр дурдсан Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилгыг хэрэгжүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, өөрийн орны болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын Парламентын бодлогыг олон улсын байгууллага болон төрөлжсөн байгууллагын бодлого, шийдвэрт тусгуулахын тулд Улсын Их Хурлын гишүүний хувиар тухайн байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдох нь чухал байдаг.

Иймд эдгээр хууль зүйн үндэслэл, шаардлагын үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тухайн байгууллагын өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтын ажил эрхэлдэг гүйцэтгэх удирдлагыг сонгуульт албан тушаалд хамааруулахгүй байхаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулгадаа дурдсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш