logo
Эмгэнэл

Эмгэнэл

2021/11/04
Хайрт хүү, халамжит хань, сэргэлэн үрсийн эцэг, Монголын чөлөөт хэвлэлийн анхдагч шилдэг дизайнеруудын нэг, бидний эрхэм нөхөр Бямбажав овогтой Ууганбат нь 2021 оны 11 сарын 2-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл болон найз нөхөд, хамтран ажиллагсдад нь хүнд гарз учирлаа. Б.Ууганбат нь 1979 оны 11-р сарын 24-нд Төв аймгийн Зуунмод хотод айлын ууган хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1987-1997 онд Төв аймгийн 10 жилийн сургууль, 1997-2001 онд Монгол, Солонгосын хамтарсан Улаанбаатарын Их Сургуулийг Компьютер, солонгос хэлний орчуулагч багш мэргэжлээр төгсжээ. Талийгаач нь оюутан ахуй цагаасаа эхлэн хэвлэл мэдээлэл, тэр дундаа чөлөөт хэвлэлийн салбарт сонины дизайнераар ажлын гараагаа эхэлж, 1999-2002 хүртэл Хэвлэл мэдээлийн “Итгэлт-Оюу” ХХК-нд дизайнер, 2002 оноос “Зиндаа” сонины дизайнер, 2005 онд “Хаан пресс” хэвлэлийн компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байв.

2006-2007 онд “Хувийн амьдрал” сонины эрхлэгч, 2008-2013 он хүртэл “Зиндаа” сонины дизайнер, 2013 оноос МЗЭ-ийн төв хэвлэл “Утга зохиол Урлаг” сонины дизайнераар ажиллах явцдаа олон арван зохиолч, яруу найрагчдын номын эх бэлтгэлийн зохиогчоор ажилласны нэг нь “МММ”-ийн Хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” цуврал бүтээл юм.

2015 оноос “Нийслэл групп” ХХК-ийн ерөнхий дизайнер, менежереер өдийг хүртэл ажиллахдаа leaders.mn гэх мэт хэд хэдэн сайтыг үүсгэн байгуулж, хэвлэл мэдээлэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө бүтээн туурвиж байв.

Б.Ууганбат нь зөвхөн дизайнер төдийгүй авьяаслаг зохион байгуулагч, итгэлт нөхөр байсан юм. Тэрбээр Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн Шадар туслахын албанд томилогдон төрийн албанд зүтгэж явсан хөдөлмөрч, хичээнгүй нийгмийн зүтгэлтэн байлаа. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2016 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар болон ажиллаж байсан байгууллага бүрийнхээ ШИЛДЭГ АЖИЛТАН-аар шалгарч, хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байв. Эрхэм таны хөдөлмөрч, цагаан цайлган, тусч энэрэнгүй, нөхөрсөг зан чанар бидний зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно. Сайн төрлийг олж Монгол эх орондоо эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай.
 
Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, түүний ажлын алба
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Монголын сайтын холбоо
Монголын сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо
Монголын админуудын нэгдэл
“Зиндаа” сонины хамт олон
“Утга Зохиол Урлаг” сонин
"Эрхэт Монгол групп" ХХК
“МММ” Хүрээлэн
“Нийслэл групп” ХХК
Онлайн медиа ХХК
Нийслэлийн Хэвлэлийн Зөвлөл
Баянгол дүүргийн ИТХ
Төрийн өмчит "Таван толгой түлш" ХХК
Сэтгүүлч, яруу найрагч, уран бүтээлч найз нөхөд нь

Сэтгэгдэлүүд

Дээш