logo
Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг Хотын даргад танилцууллаа

Зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг Хотын даргад танилцууллаа

2021/11/12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа  илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов.

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар  ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш