logo
Рио Тинто хяналтыг гартаа авч магадгүй

Рио Тинто хяналтыг гартаа авч магадгүй

2011/12/16

Монголын алт, зэсийн Оюутолгой орд газрыг хамтран эзэмшдэг стратегийн түнш болох Канадын Айвенхоу майнз компанийн хяналтын багцыг Рио Тинто компани ирэх онд эзэмшихээр болж магадгүй. Одоо Айвенхоугийн хувьцааны 49 хувийг Рио Тинто эзэмшдэг байна. Рио Тинто үүнээс илүү хувийг эзэмшиж болохгүй болохыг тус хоёр компанийн хооронд байгуулсан стратегийн хэлэлцээрт заасан байдаг аж. Хэлэлцээрт заасан болзлыг 2006 оны намар тохиролцсон бөгөөд түүнд заасны дагуу Оюутолгойг эзэмших стратегийн түншлэлийн хүрээнд Рио Тинто Айвенхоугийн хувьцааны 9,95 хувийг авсан байна.

Гэвч өнөөдрийн байдлаар Рио Тинто хувьцааг худалдаж авахыг хязгаарлах тухай хэлэлцээрийн хугацаа дуусах 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш Айвенхоугийн хувьцаанаас нэмж авч болох зөвшөөрлийг арбитрын шүүхээс өгсөн байна. 2009 оны 10 дугаар сард Монголын Засгийн газар болон Рио Тинто, Айвенхоу компанитай 30 жилийн хугацаатай байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрт заасны дагуу Оюутолгой орд газрын хувьцааны 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг нь Монголын Улс «Эрдэнэс МГЛ» компани эзэмшдэг. Оюутолгойн алт, зэсийн ордыг 2013 оны эхний хагас жилээс ашиглаж эхлэхээр төлөвлөсөн байдаг. Оюутолгойд нийт 6,5 тэрбум долларын хөрөнгө оруулна. Айвенхоу Майнз нь Монгол, Казахстан, Австралид өнгөт болон үнэт металлын орд газар эзэмшдэг юм. Рио Тинто нь Их Британид төвтэй дэлхийд томоохонд тооцогдох уул, уурхайн компани бөгөөд таван тивийн орд газраас хөнгөнцагаан, зэс, алмааз, нүүрс, уран, алт, төмрийн хүдэр олборлож байна.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш