Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа.
- Цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээллийг өгөөч?
- Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж байна. Бид тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой. Бид наадам бүртээ өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд тав дахь удаагийнхаа наадмыг “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулах гэж байна. Тус наадамд цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд оролцдог уламжлалтай.
- Ямар ямар номинацаар шилдгүүдээ шалгаруулах вэ. Өмнө нь зохион байгуулж байсан наадмуудаас онцлох зүйл юу байгаа вэ?
- Тус наадамд мэдээллийн сайтууд оролцохоос гадна нийгмийн хариуцлагаараа манлайлагч байгууллагуудыг шалгаруулдаг. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд: Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг бүтээл, Орон нутгийн шилдэг сайт, Бизнесийн шилдэг сайт,Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Шилдэг вэб сайт хөгжүүлэгч, Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч гэсэн 11 номинацийн эздийг шалгаруулна. Энэ удаагийн наадмын номинацид багахан хэмжээний өөрчлөлт хийсэн. Технологийн дэвшлийг дагаад вэб сайтуудын сайтын шилдэг сэтгүүлч номинацийг бид сайтын шилдэг бүтээл болгож өөрчилсөн. Учир нь сайт гэдэг бол нэг талаас телевизийн урлаг, нөгөө талаас сонины бүтээлийг нийлүүлчихсэн байдаг учраас сэтгүүлчийн уран бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд бүтэн баг бүрэлдэхүүнээрээ ажилладаг болчихсон учраас Сайтын шилдэг сэтгүүлч номинацийг Сайтын шилдэг бүтээл номинаци болгож өөрчилсөн. Бас нэг чухал өөрчлөлт бол нийт номинацийн тоо 10 байсныг 11 болгосон. Бид нар яалт ч үгүй технологийн дэвшлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж. Иргэдийн ажил, амьдралыг хялбаршууласан аппликэйшнүүд ар араасаа гарч байна. Тийм учраас энэ жил Шилдэг аппликэйшн хэмээн шинэ номинаци бий болгосон.
- Шилдэг сайтуудаа шалгаруулахаас гадна нийгэмд гэрэл нэмсэн, олны талархлыг хүлээсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Нийгэмд хэн хүлээн зөвшөөрөгдөж, хэн нийгмийн дуу хоолой болж, иргэдийнхээ төлөө дуугарч, гэрэл түгээж байна тэр хүмүүсээ онцолж, алдаршуулдаг. Тухайлбал, Web Awards-2019 наадмын шилдгүүдээр дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчин, хамгийн олон хүний амь насыг авран хамгаалсан онцгой байдлын аврагч, олон жил ТҮК-д ажилласан өндөр настан, Олон улсын кино наадмаас шилдэг бүтээлээр шалгарсан “Хийморь” киноны найруулагч жүжигчин Г.Эрдэнэбилэг, дэлхийн бодибилдингийн уралдаанд гурван удаа түрүүлсэн, фитнесс модель Анухай, Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа гэх мэт хийсэн ажил, байгуулсан гавьяа нь нийгэмд гэрэл түгээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр наадмынхаа шилдгээр шалгарсан сайтуудын шагналыг өгүүлдэг уламжлалтай. Мөн “Web awards-2021” наадмын бас нэг онцлог бол нийгмийн хөгжлийг дэмжиж, зургаан байгууллагыг нэрлэдэг. Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн, Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулач, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр, Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг онцолж, олон нийтийн талархлыг хүлээсэн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөө хийсэн бүтээн байгуулалтуудыг сурталчлан таниулдаг.
- Наадмын шилдгүүдийг шалгаруулах эрхэм хүндтэй үүрэг хүлээж байгаа баг хамт олны талаар дурдвал?
- Web awards наадмын шалгаруулалт шударга явагддаг учраас наадмын маань нэр хүнд маш өндөр байдаг. Дээрээс нь цахим салбарынхан дунд маш их хүлээлт үүсчихсэн байдаг. Бүтэн хоёр жилийнхээ амжилт, ололт, онцлох контент, олон нийтэд хүргэсэн онцлох бүтээлүүдээ ирүүлж байгаа сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ бүтээлийг шударгаар шүүж, дэнслэхийг хичээдэг. Шалгаруулалт цахим санал асуулгаар явахаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн салбарт ур чадвар, ёс зүйгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд, эрдэмтэн багш нар, олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ.
- Хоёр жилд нэг удаа болдог учраас цахим салбарынхны хүсэн хүлээсэн баяр болох нь. Энэ удаагийн зохион байгуулалтын онцлог юу байх вэ?
- Өмнө нь бид Web Awards наадмаа өргөн хүрээнд зохион байгуулдаг байсан. Энэ удаагийн наадам цар тахал, ковидын үед зохион байгуулагдаж байгаа учир УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Бид өөрсдөө үлгэрлэх ёстой. Тиймээс энэ удаагийн наадмаа өдрийн цагаар, цөөхөн зочидтой, халдвар хамгааллын дэглэмээ баримталж зохион байгуулж байна. - Та сайтын холбооны Ерөнхийлөгчөөр хэдэн жил ажиллаж байна. Сүүлийн үед хийсэн ажлуудаасаа товчхон танилцуулбал? - Миний хувьд Сайтын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд ковид, цар тахалтай байсан ч бид бас чамлахааргүй олон ажил амжуулж, мэргэжлийн сургалтууд зохион байгууллаа. Сайтын холбоо байгуулагдаад 13 жил болж байна. Энэ хугацаанд мэргэжлийн сэтгүүлчдийн эрхлэн гаргадаг 80 гаруй сайтыг гишүүнчлэлдээ нэгтгэсэн байна. Бид сайтын холбооныхоо 10 жилийн ой, хоёр удаагийн Web awards наадмаа амжилттай зохион байгуулж байна. Сайтын холбооныхоо гишүүнчлэлд мэргэжлийн сэтгүүл зүйн шаардлага тавьж ажилласан. Мөн гадаадын улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайжрууллаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дэлхий нийтээрээ цар тахлын өмнө хүчин мөхөстөж байсан ч бүхий л улс орнуудыг цахим ертөнц аварлаа. Бид хил хязгаараас үл хамаарч цахим орчноор улсынхаа болоод хувийнхаа бүхий л ажил амьдралыг зохицуулж, цахимаас мэдээ мэдээллээ авч байна. Тиймээс цахим салбарт ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагынхандаа баярлалаа. Улс эх орны маань ажил урагштай явахад та бидний үүрэг оролцоо маш их байсан. Цаашид одоо байгаагаасаа ч илүү өндөр хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бодит эх сурвалжтай мэдээлдэг сэтгүүл зүйг хамтдаа хөгжүүлье, бүтээе гэж хэлмээр байна.
П.Батзаяа
Эх сурвалж: dnn.mn