logo
Жагсаал цуглаан Путины инээдийг хүргэв үү?

Жагсаал цуглаан Путины инээдийг хүргэв үү?

2011/12/17
Оросын ерөнхий сайд Владимир Путин түүний удирддаг нам парламентын сонгуульд  шударга бусаар ялсан гэж сөрөг хүчнийхэн буруутгаж байгааг үгүйсгэжээ. Тэрээр Оросын төрийн телевизийн нэвтрүүлгийн үеэр сонгуулийн үр дүн Оросын ард түмний үзэл бодлыг харуулсан гэж ярьсан байна. Путин хэлэхдээ "Сонгуулийн дүн манай улсын улс төрийн хүчний хуваарилалтыг харуулсан, эрх баригч Нэгдсэн Орос нам парламент дахь зарим суудлаа алдсанд гайхаад байх зүйл байхгүй, бид хямралын маш хүнд үеийг туулсан, бусад орнуудад юу болж байгааг хар л даа" гэжээ.
Мөн тэрээр өөрийнх нь төрийн эрх барьсан 12 жилийн хугацаанд болж байгаагүй хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал цуглааныг ойшоохгүй байгаагаа илэрхийлж, бямба гаригт жагссан иргэдийг хараад харин ч баяртай байснаа хэлжээ.
Путин хэлэхдээ "Тэнд янз бүрийн хүмүүс байсан, би баяртай байсан, учир нь би өөрсдийн үзэл бодлоо идэвхитэйгээр илэрхийлж байгаа хүмүүсийн эрч хүчтэй нүүр царайг харсан, дахин хэлэхэд Путины дэглэмээс болж ийм зүйл болж байгаа бол би баяртай байна" гэсэн байна. Мөн тэрээр жагсаалыг зохион байгуулагчид барууны захиалгаар улс оронд тогтворгүй байдал үүсгэхээр чармайж байна хэмээн буруутгажээ.
Путин бямба гаригт болсон жагсаалаас хойш анх удаа олны өмнө гарч 12-р сарын дөрөвний сонгуулийг дахин зохион байгуулахыг шаардаж байгаа жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн нь энэ юм.
59 настай Путин хүч нөлөөтэй, хүнлэг удирдагч гэдэг имижээ улам бэхжүүлэх зорилгоор ард түмэндээ хандан мэдэгдэл хийдэг.
Путиныг ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж үзэж байгаа ч сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байгаа энэ үед тэрээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш