logo
Оюутолгойд дахин нэг монгол ажилчин амиа алджээ

Оюутолгойд дахин нэг монгол ажилчин амиа алджээ

2011/12/19
Энэ сарын 16-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой төслийн ажлын байранд дахин нэг монгол ажилчин амиа алджээ. Төслийн гэрээт компанийн ажилтнууд спиртын хольцтой шингэн уусны улмаас нийт таван хүн хордож, нэг нь амиа алджээ. Талийгаачтай нэг гэрт байрладаг ажилчин 06:18 цагт дуудлага өгч, SOS эмнэлгийн яаралтай тусламжийн баг нэн даруй очсон боловч тусламж үзүүлэхэд оройтсон байжээ.  SOS эмнэлгийн хяналтад эмчлүүлж байсан хоёр ажилтны биеийн байдал хүндэвтэр байсан учраас хяналт тавьж буй эмч, хоёр сувилагчийн хамт тусгай нислэгээр буюу баасан гарагийн орой Улаанбаатар хотод авчирч, яаралтай эмчилгээнд оруулжээ.

Мөн хамт архи хэрэглэсэн хоёр ажилтны биеийн байдал хөнгөвтөр байгаа тул төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй SOS эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллага энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгджээ. Сануулахад, өнгөрөгч сарын 18-19-нд шилжих шөнө Оюутолгой ХХК-тай гэрээлэгч, кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг "Си Ай Эс Монголиа" компанид ажилладаг байсан монгол залуу төслийн байранд амиа алдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хэргийн учир тодорхой болоогүй байгаа юм.

Т.Батсугар
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш