logo
Чойрт цөмийн хаягдлыг “нууцаар” булшилсан уу?

Чойрт цөмийн хаягдлыг “нууцаар” булшилсан уу?

2011/05/27
Говьсүмбэр аймгийн Чойр суманд цөмийн хаягдлыг нууцаар авчирч, хууль зөрчсөн эрхэмүүд хэн бэ?
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлд “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Гэтэл саяхны өдрүүдэд Японы "Майничи" сонин болон CNN, Ройтерс зэрэг дэлхийн томоохон агентлагуудаар Америк, Япон улс Монголд цөмийн шаараа булшлах тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн газар, “Мон-Атом” төрийн өмчит компанийн удирдлагууд эрс няцаав. Япончууд ч энэ асуудалд ихээхэн сандрангуй хандаж, сонин хэвлэлийнхнийг дуудаж, уулзана асууна гэх мэдээлэл хийсээр байгаа билээ. Магадгүй цөмийн шаар булшлах төлөвлөгөө нь ил болчихсон нь япончуудыг сандрахад хүргэсэн байж болох талтай.
Цөмийн шаарны сав болсон улс их хэмжээний мөнгийг “шан” болгож авдаг. Олон тэрбум ам.доллараар яригддаг тэрхүү гэрээг хийхэд зуучилсан хэн боловч зуучлалын хөлс болгож, нийт мөнгөний 3-8 хувийг нь халаасалдаг олон улсын дүрэм, журам байдаг гэнэ. Тэгэхээр хууль зөрчих хэмжээнд эрх мэдэлтэй, их мөнгөний амлагаа авах нөлөө бүхий гарууд ийм юм яриад энэ хүртэл нь даамжруулсан байж таарна гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Учир нь жирийн малчин, саальчин, махны худалдагч Америк, Японтой цөмийн хог хаягдал булшлах талаар хууч хөөрөөд их мөнгө яриад суухгүй нь лавтай шүү дээ. Тэгээд ч хандалт, хэрэглэгчийн тоогоо өсгөх гээд "Майничи" сонин, CNN, Ройтерс агентлагууд худлаа мэдээ цацаад суухгүй нь тодорхой. Харин дээрх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын хэдэн гишүүн Ерөнхий сайдад хандан асуулга тавьж, Засгийн газраас цөмийн хаягдлын талаар баримталж буй өнөөгийн байр суурь, урьд өмнө цөмийн хаягдлыг нууцаар булж байсан гэх мэдээлэл үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоож өгөх хүсэлт гаргаад байгаа юм байна.
Гэтэл бид нэг нэгнээсээ асуулга тавьж, хардаж, хардалцаж, үнэн худлыг нь нотлох гэж жүжиг тавьж байх хооронд өнөөх цөмийн хаягдал аль хэдийнэ манай нутагт ясаа тавиад эхэлчихсэн сурагтай байна. Өөрөөр хэлбэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум буюу бидний хэлж заншсанаар Чойрт цөмийн шаарыг галт тэргээр тээвэрлэн, оруулж ирээд булчихсан бололтой. Энэ хэргийг маш нууц, өндөр зохион байгуулалттай хийсэн бөгөөд нэлээд их мөнгөний авлигыг оролцсон хүмүүс хүртсэн тухай эх сурвалж хэлж байгаагийн дээр Тагнуул, хууль шүүх, хүчнийхэн хэдийнэ шалгаж эхлээд байгаа юм байна. Ер нь бол гадныхны туршлагаас үзэхэд цөмийн шаарыг ихээхэн ой модтой, хүний хөлөөс зайдуу бартаа ихтэй газарт тусгайлан барьж байгуулсан зориулалтын саванд булдаг бөгөөд энэ талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд нээлттэй мэдэгдээд зогсохгүй, цөмийн аюулыг илэрхийлсэн зураг болон “Энд аюултай хог хаягдал булшилсан” гэсэн анхааруулга бичиг бүхий самбаруудыг эргэн тойронд нь хангалттай их хэмжээгээр байршуулж ард иргэдийг сэрэмжлүүлдэг байна. Гэтэл манайх ард иргэддээ ямар ч мэдээлэл өгдөггүй, тэгээд ч байгаа модоо огтчоод түлээд дуусах дээрээ тулаад байгаа нь бодит үнэн. Гэтэл цөмийн шаар булшилсан гэх Чойрт мод битгий хэл бут сөөг гэх юмгүй бороо орохоо больсноос хэдэн жил ган гачиг нүүрлээд байгаа улаан шороогоороо нүдсэн газар. Тэгэхээр Чойр гэдэг газрын хүн амьтан, хөрс бут цагаасаа өмнө “талийгч” болох шатандаа орчихсон байж таарах нь. Харин хаа холоос хог хаягдал авчраад нутаг дэвсгэрт нь булж байхад Засаг дарга Баянмөнх тэргүүтэй сум, аймгийн удирдлага юу ч мэдэхгүй суугаад байгаагүй нь тодорхой юм. Хэргийн үзүүр хаанаас эхэлж хөврөх нь нэгэнт ил болж гэхэд хилсдэхгүй болов уу.

Э.Болор
www.shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш