logo
Н.Наранбадрах Олон улсын хөөмийчдийн наадамд гурав дахь удаагаа түрүүллээ

Н.Наранбадрах Олон улсын хөөмийчдийн наадамд гурав дахь удаагаа түрүүллээ

2011/12/19
Үндэсний язгуур урлагаа дээдэлдэг Монголын ард түмэн хөөмийн гайхамшгаар дэлхийд данстай улс. Уртын дуу, морин хуур, хөөмийгээрээ бид хэний ч өмнө бахархдаг, бардамнадаг. Хятад улс Монгол хөөмийг маань өөрийн соёлын өв болгон үлдээхийг санаархсан удаатай. Тэгвэл авьяаслаг уран бүтээлчид маань үндэсний язгуур урлагаа дэлхий дахинд сурталчлахын сацуу томоохон тэмцээн уралдаанд тэргүүлж байгаа нь олзуурхууштай. Хамгийн сүүлд л гэхэд, энэ сарын 17-21-ны хооронд ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотод зохион байгуулагдсан «Дэлхийн амьсгал» Хөөмийн олон улсын V наадамд Монгол хөөмийн тэргүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш болон Монгол Улсын алдарт хөөмийч, СУИС-ийн Монгол хөөмийн ангийн ахлах багш Б.Одсүрэн нараар удирдуулсан Монгол хөөмийн баг амжилттай оролцжээ. Уг наадмаас Соёлын тэргүүний ажилтан, хөөмийч Н.Наранбадрах Гран-При шагнал, СУИС-ийн Монгол хөөмийн ангийн төгсөх курсын оюутан Ц.Тулга тэргүүн байр, СУИС-ийн Монгол хөөмий ангийн төгсөх курсын “Тэнгэр” хамтлаг ( Б.Мягмарбүрэнхүү, Д.Баянзул, Б.Хосбаяр, О.Дэлгэрбуян, О.Одбаяр) дэд байр, СУИС-ийн Монгол хөөмий ангийн төгсөх курсын оюутан Н.Энхтайван тусгай байр, Нийслэлийн 6-р сургуулийн сурагч Т.Билгүүн тусгай байр, СУИС-ийн Монгол хөөмий ангийн төгсөх курсын оюутан О.Дэлгэрбуян ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал тус тус хүртсэн байна. Ийнхүү олон улсын наадмаас шагналын хур буулгаад ирсэн “Морьт хангай” группын хөөмийч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбадрахтай уулзаж ярилцлаа.

 

-Юуны өмнө танд халуун баяр хүргэе. Хөөмийн урлагтай хэдийнээс эхэлж холбогдсоныг тань сонирхмоор байна?  

-1997-2000 он хүртэл Гэрлэх ёслолын ордны дэргэдэх “Монгол гайхамшиг” сургуульд өдгөө СУИС-ийн доктор, хүндэт профессор Б.Одсүрэнгийн удирдлаган дор суралцсан. 2001 оноос эхлэн Улсын ардын дуу бүжгийн чуулгад /ҮДБЭЧ/ долоон жил ажиллалаа. 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод гэрээний дагуу ажиллах болсоор өнөөг хүрсэн дээ. Одоо бол би “Морьт хангай” группын харьяалалтай хөөмийч, уран бүтээлч.

-Чуулгынхаа хүрээнд гадаадад ажиллав уу, аль эсвэл?  

-Гэрээний дагуу ийш тийшээ тоглолтоор явахдаа ихэвчлэн хувиараа ажилладаг. Байгууллагатайгаа тоглолтын гэрээ хийж, улсын шугамаар явах нь мэдээж. Харин чуулгад харьяалагдаж байгаад ямар нэгэн гэрээ олдвол хаяад явчихна гэж асуудал байхгүй. Чуулгынхаа уран бүтээлд оролцож, үүргээ биелүүлээд явж байхад олон төрлийн санал орж ирдэг. Тэр бүхнээс боломжийн шаардлагатай, Монгол Улсын хөөмийг урлагт гаднаас хэр зэрэг хөрөнгө оруулалт хийх бололцоотойг нь сонгодог юм. -Хөөмийг үндэсний талаас нь харуулахаас гадна янз бүрийн хөгжмийн урсгалтай хослуулдаг уу? -Янз бүрийн улс оронд ихэвчлэн Монгол үндэсний хөгжимтэй тоглодог. Хөөмийчид маань үе дамжин ирсэн язгуур урлагийнхаа хэв маягийг алдагдуулахгүйгээр хойч ирээдүйдээ уламжлан үлдээхийг зорьж, сурталчилж яваа.

-Та хэчнээн орноор явж тоглосон бэ?  

-Хөөмийн чиглэлээр 17, 18 оронд очиж үзлээ. Миний хувьд, ганцаарчилсан тоглолт хийдэг учраас богино хугацаатай гэрээгээр ажилладаг. 2001-2003 онд 3-6 сарын гэрээтэй ажилладаг байсан бол, сүүлийн жилүүдэд 7-14 хоногийн гэрээг сонгож явдаг болсон.

-Урьд нь нэлээд олон уралдаан тэмцээнд оролцож байсан юм билээ. Энэ тухайгаа сонирхуулаач?  

-“Улсын хөөмийчдийн анхдугаар уралдаан”-аас хамтлаг болон гоцлол төрөлд хошой алтан медаль хүртэж байсан. 2001 онд Буриад улсын Улаан-Үд хотод болсон “Олон улсын хөөмийчдийн анхдугаар уралдаан”-аас алтан медаль хүртсэн. 2003 онд тус наадамд дахин оролцож алтан медаль авч байлаа. Үүнээс гадна Зүүн Азийн “Ардын урлагийн их наадам”-ын Гран при шагналыг хүртсэн. Хамгийн сүүлд буюу энэ сарын 17-21-ний хооронд ОХУ-ын Буриад улсад болсон “Олон улсын хөөмийчдийн V наадам”-аас Гран при шагнал хүртээд ирлээ. Энэ мэт тэмцээн уралдаанд оролцоход найз нөхөд маань их тусалсан. Тухайлбал, “Олон улсын хөөмийчдийн анхдугаар уралдаан”-д “Эрхэт Монгол” групп ивээн тэтгэсэн бол, “Олон улсын хөөмийчдийн II уралдаан”-д оролцоход “Алтай констракшн” компаникомпани ивээн тэтгэж байлаа. Харин сая болсон “Олон улсын хөөмийчдийн V наадам”-д “Морьт хангай” групп ивээн тэтгэлээ.

-Хөөмий бол Монголын язгуур урлагийн нэгээхэн хэсэг. Наадамд хэчнээн орны хөөмийчид оролцов?

-Урьд нь 10-15 орны хөөмийчид оролцдог байсан. Энэ удаагийн тэмцээнд Буриад, Тува, Киргиз, Горный Алтай, Хакас, Монгол зэрэг таван орны 100 гаруй хөөмийч оролцлоо. Монгол Улсаа төлөөлж СУИС-ийн төгсөх курсын оюутнууд, миний бие шавь Т.Билгүүний хамт, ҮДБЭЧ-ын захирал, Монголын хөөмий холбооны тэргүүн А.Цэдэн-Иш, Одсүрэн багш зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Манай баг нийтдээ Гран при, дэд байр, тусгай байр хоёр, ивээн тэтгэгчийн шагнал гээд ихэнх шагналыг нь монголчууд авлаа.

-Бусад орны хөөмийчид ур чадвар, туршлага мэдлэгээрээ хэр зэрэг байна вэ?

-Өмнөхөөсөө илүү сайжирсан байна. Өөрсдийн үндэсний хөгжимтэй хослуулж тоглодог байсан бол, энэ удаа олон төрлийн хөгжимтэй хослуулдаг болж. Хөөмийчид нь их хөгжсөн байна.

-Хөөмий дотроо их олон янз байдаг уу?

-Үндэстэн ястны онцлогоос хамаарч өөр, өөр. Тухайлбал, Ховд аймагт 6-12 төрөл байх жишээтэй. Миний хувьд хархираа, исгэрээ гэсэн хоёр төрөл бий. Үүнээс салбарлаж, дотроо олон янз болдог байх. Хөөмэйчид энэ бүхнийг янз бүрээр л тайлбарладаг.

-Эмэгтэй хөөмийч хэр олон байдаг юм бол?

-Байлгүй яахав. Ундармаа, Алимаа нараас гадна СУИС-ийн хөөмийн ангийн нэг оюутан бий. Миний мэдэж байгаагаар, монголд лав арваад эмэгтэй хөөмийч байгаа шүү.

-Хөөмийлж сурахын тулд өндөр шалгуур давах ёстой юу?

-Миний бодлоор, хөөмий сурахын тулд сонсгол сайн байх ёстой. Өөрөө бас хөдөлмөрлөх хэрэгтэй. “99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас” гэж урлагийнхан ярьдаг шүү дээ. Сонирхож сонгосон зүйлдээ эзэн болж, мэргэших ёстой гэж би боддог. Яг л өнөө “Үхэн үхтэлээ сурна” гэдэг шиг... Суурь мэдлэг сайн байвал цаашид ур чадвар нь илүү сайжирна.

-Охид, залуус маань хэр зэрэг сонирхож байгаа бол?

-Их сонирхдог болж. Урьд нь зөвхөн морин хуураа бариад суудаг байсан бол, одоо хөгжмийн томоохон найруулга хийлгэж хөөмийлдэг боллоо. Мөн орчин үеийн хөгжимтэй хослуулж, транс хөөмий хийдэг хамтлагууд гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хөөмэйн урлаг хөгжиж, өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр чанартай уран бүтээл хийж байна. Хөөмийн найруулгын хөгжилд “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Ариунаа маш их хувь нэмэр оруулж байгаа. Саяхан болсон наадамд хүртэл СУИС-ийн төгсөх курсын оюутан Д.Мягмарбүрэнхүү өөрийнхөө зохиосон бүтээлээр дэд байрт шалгарлаа. Тэгэхээр хөгжимчид маань өргөн хүрээтэй сэтгэж, гоё найруулга хийдэг болсон учраас Монголын хөөмийн цар хүрээ улам тэлж байгаа гэсэн үг.

-Зарим уран бүтээлчид “Язгуур урлагаа янз бүрийн хөгжимтэй хольж хутгаад хэв маягийг нь алдагдуулж байна. Хэтэрхий өнгөн талаас нь хараад байгаа юм биш үү” гэж шүүмжилдэг. Харин таны бодлоор?

-Хатуухан хэлэхэд, бид XXI зуунд амьдарч байна шүү дээ. Орчин үеийн хэв маягт оруулсан ч үндэсний язгуур урлагаа алдагдуулаагүй. Хөөмий бол хөөмийгээрээ л байна. Зүгээр л хээр талд юмуу айл гэрт хөөмийлж байсан хуучин хэв маягаасаа салах цаг нь болсон. “Монгол Улс язгуур урлагаа харийнханд алдчихлаа” гээд байдаг. Тэгж ярьсаар байгаад хөөмийгээ сая хятадад алдсаны дараа бөөн юм болж буцааж авлаа шүү дээ. Орчин үетэйгээ хөл нийлүүлж, үндэсний урлагаа хөгжүүлэх гэж яваа залуусыг төр засгаас хүртэл дэмжих хэрэгтэй болов уу . ҮДБЭЧ-ын дарга нь Монгол хөөмий холбооны тэргүүн учраас уран бүтээлчиддээ илүү анхаарал тавьдаг. Үүнд нь би их баярладаг. СУИС-аас мэргэжлийн хөөмэйч олноор төгсч байна. Энэ чиглэлээр дагнасан эрдэмтэн, судлаачид ч цөөнгүй бий. Миний бодлоор, үндэсний урлагаа цаг үед нь тохируулаад хөгжүүлэх буруу биш. Тиймээс дээрхи ярианы эсрэг байр суурьтай байна.

-Найр хуриманд их уригдана биз. Орчин нөхцөлд нь тааруулж тоглоход хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-Урилга их ирнэ ээ. Урьд нь их төвөгтэй ажилладаг байлаа. Морин хуур, хөөмийд зориулж хоёр микрофон байрлуулна гээд л бөөн асуудал болно. Харин одоо понограммаа авч очоод л тоглочихно. Найр хуримын нээлтийг уртын дуу, хөөмийгээр эхэлдэг болсон учраас энд тэнд уригдахад их нэр хүндтэй. Үнэхээр албан ёсны хүндэтгэлийн тоглолтод оролцвол үндэсний цөөхүүл хөгжимтэй хөөмийлнэ. Манайхан “халтуур” гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү тоглолтод очихдоо электрон хөгжмөөс гадна үндэсний хөгжмийн урсгалыг багтаасан понограмм авч явдаг. Шууд хүнд хөгжимтэй хөөмийлнэ гэвэл хэцүү л дээ.

-Бэлтгэлээ байнга хийдэг үү?

-Ер нь бол байнга хийх ёстой. Форм гэж ярьдаг шүү дээ, тэрийг. Өдөрт ядахдаа 20-30 минут дуугарч, дасгалаа сайн хийвэл форм жигд байна.

-Хувийн уран бүтээлийн тухайд, хийсэн зүйл тань юу вэ?

-“National end classik hoomei”, “Singer of the wind”, “Сэтгэлийн эгшиг” нэртэй гурван ч цомог гаргасан. Би өөрөө Өмнөговийн хүн. Энэ ч утгаараа, говь нутгийн зэрэглээ болон уудам тал нутгийг мэдрүүлсэн “Аяз” нэртэй аялгууг “Анир” студийн аранжировшик Алтанхуягаар зохиолгосон. Мөн “Сэтгэлийн эгшиг” цомогт орсон “Сэтгэлийн эгшиг” аялгууг минь ч зохиож өгсөн дөө. Энэ маягаар өөрийнхөө хэв маяг, уран бүтээлийн онцлогт тохирсон аялгуу хийлгэж, Монгол ахуйг сонсогчиддоо мэдрүүлбэл илүү дээр юмуу гэж бодож байна.

-Чухам ямар учраас хөөмийг сонирхож, сонгох болсон хэрэг вэ?

-Сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга оролцдог, идэвхтэй хүүхэд байлаа. Дуулна, бас гитар тоглоно. Энэ ч утгаараа, сургуулиа төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид орно гэж бодож байсан. Тухайн үед СУИС-т эстрад дуулаачийн анги шинээр нээгдэж байсан шүү дээ. УАДБЧ-ын /ҮДБЭЧ/ хөөмэйч Мөнгөншагай бид хоёр 50 мянгатад хамт тоглож өссөн. Найз маань гавьяат жүжигчин Сундуйжаажаа гуайгаар анх хөөмий заалгаж байсан. Түүнийг нь сонирхоод сурах хүсэл төрсөн хэрэг. Тэгээд асууж лавлатал “Гэрлэх ёслолын ордны дэргэд “Монгол гайхамшиг” сургууль нээгдэх гэж байгаа. Тийшээ орохгүй юу” гэж зааж өглөө. Сургуульд маань дөрөвхөн оюутан байсан. Хөөмийн урлагийн хөгжлийн ассоциацийн тэргүүн, Гэрлэх ёслолын ордны хөөмийч Бат-Оюун, ТЗДБЧ-ын хөөмийч, СУИС-ийн хөөмийн багш Загд-Очир, МУИС-ийн урлаг судлалын ангийг төгссөн, одоо Италид магистрын зэрэг хамгаалж байгаа Мөнгөншагай бид нар нэг анги. Анх оюутан болж, хөөмий сурах үед гоё байсан л даа. Тиймээс өөрийгөө ямархуу хэмжээний хөөмийч болсныг үзэхээр 2001 онд “Олон улсын хөөмийчдийн анхдугаар наадам”-д оролцсон нь тэр. 2003 онд Ховд аймагт зохиогдсон “Монгол Улсын хөөмийчдийн анхдугаар наадам”-д оролцож гоцлол болон хамтлагаараа тус, тус алтан медаль хүртэж улам урамшсан .

-Хөөмийн ангийг төгссөн ч дууны урлагт уруу татагдсан дуучид мэр сэр байдаг. Таны хувьд ч гэсэн , энэ чиглэлээр авьяас чадвараа сорих хүсэл байдаг болов уу?

-Найз нөхдийнхөө хажууд л дуулна даа. Түүнээс биш, тайзан дээр мэргэжлийн дуучдын хэмжээнд хүртэл дуулна гэж юу байхав. Хөөмийч хүн хөөмийчөө рөө , дуучин хүн дуучнаараа, хөгжимчин хүн хөгжимчнөөрөө байвал утга учраа хадгалах юм болов уу гэж боддог. Энэ бол зөвхөн миний бодол шүү. Надад дуулж, хөөмийлэх боломж бий. Гэхдээ тийм сонирхол алга. Зөвхөн хөөмийгөө дуугарга я гэж бодож байна. Найз нөхөдтэйгээ хамт байвал дуулна аа, ямар ч байсан найранд гурван дуутай.

-Хөөмийч нар маань санхүүгийн хувьд, хэр зэрэг боломжтой байдаг юм бол?

-Янз бүр шүү дээ. Миний хувьд, хөөмийн урлагаар сайхан л явж байна. Зарим нь ямар байдаг юм бол, хэлэхэд бэрх.

-Хувь хүний менежменттэй холбоотой гэх гээд байна уу, та?

-Тийм ээ, яг үнэн. Өөрсдөө менежмент сайтай ажиллахаас гадна бусад хөөмэйчтэйгээ уялдаа холбоотой ажиллах ёстой. Ахмад хөөмийч нараа хүндэлж, мэдлэг туршлагаас нь суралцан, тэднийгээ баярлуулах юмсан гэх мэт янз бүрийн л бодол бий. Гэвч хөрөнгө мөнгөнд хавчигдаад хойш суух үе бишгүй таарна. Жаахан юм олдвол уран бүтээлдээ зарцуулах гэх мэтээр амьдралынхаа хэмнэлд баригдаж яваа. Бид нар одоо дунд үеийнхэнд тооцогдоно шүү дээ. Тэгэхээр хоорондоо холбоо сайтай байвал ажлын маань үр дүнд сайнаар нөлөөлнө.

-Ярилцсанд баярлалаа. Уншигчдад маань хандаж юуг хэлэх вэ?

-Сонины тань нийт уншигчдад баярласнаа илэрхийлье. Уран бүтээлч хүмүүс урмаар тэжээгддэг шүү дээ. Ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Монгол хөөмийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа. ҮДБЭЧ-д болох ойн баярын тоглолтод маань үе үеийн шилдэг хөөмийчид оролцох учраас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Үндэсний язгуур урлаг, хөөмийн гайхамшгийг эндээс л мэдрэх болно. Өнгөрсөн хугацаанд хөөмийн урлаг хэрхэн хөгжсөнийг Монгол Улсад шалгуулах гэж байна шүү дээ. Холбооны зүгээс ч юу хийж бүтээснээ тайлагнах юм. Эцэст нь намайг өдий зэрэгтэй уран бүтээлч болон төлөвшихөд ямагт тусалж байсан багшдаа , найз нартаа нартаа, хамтран ажилласан компанийн хамт олонд талархал илэрхийлье .

 

Р.МӨНГӨН

Үндэсний мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш