Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон салбар байгууллагуудын удирдлага, эрдэмтэн докторууд, малын эмч нар оролцож, төрөөс мал эмнэлгийн салбарын талаар баримталж буй бодлого, тулгамдсан зорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мал эмнэлгийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Тэрбээр мал эмнэлгийн салбар мэргэжлийн байх ёстойг онцлоод мал аж ахуйн салбараа эдийн засгийн хувьд бие даасан болгохын тулд тус салбарт түлхүү анхаарах ёстойг тодотголоо. Мөн хөдөө аж ахуйн салбар нь шинжлэх ухаан, эрдэмтэн докторын гаргасан судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд үндэслэсэн байх бодлогыг баримтлан ажиллаж байгаагаа хэлсэн юм.
Мал эмнэлгийн салбарын бүх шатанд гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван аймаг сумыг нэмэгдүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэгдэж байгаа хүнс нь эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ