logo
Умард Солонгосчууд гашуудаж байна

Умард Солонгосчууд гашуудаж байна

2011/12/21
Умард Солонгосчууд эмгэнэн гашуудаж, их удирдагчаа эцсийн замд нь үдэхэд бэлдэж эхэлсний зэрэгцээгээр тус улсад онц байдал тогтоогоод байна. Умард Солонгосыг цаашид яаж авч явж, ямар улс болгох нь туршлагагүй залуу удирдагч Ким Чен Унаас хамаарах болоод байна.
Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ир 69 насандаа таалал төгссөний дараа Солонгосын хойгийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийн хяналт, Хятад АНУ, Япон зэрэг хөрш гүрнүүд шинэ удирдагчийг хэрхэн хүлээн авах, Өмнөд Солонгосын аюулгүй байдал, хэзээний байлдааны бэлэн байдалд байгаа Умардын асар том цэрэг армийн бүтэц, хаагдмал харгис дэглэм цаашид орших уу зэрэг хэдэн хэдэн ээдрээтэй асуудлыг дагуулж байгаа юм. Умард Солонгосын удирдагч өнгөрсөн бямба гаригт зүрхний шигдээс өвчнөөр  гэнэт нас барлаа гэсэн мэдээлэл цацагдсаны дараа Өмнөд Солонгос улс онц байдал зарласан. АНУ тэргүүтэй холбоотны хүчин болзошгүй зэвсэгт мөргөлдөөн гарвал холбоотныхоо үүргийн дагуу Өмнөдийг хамгаалахаа мэдэгдсэн. Умардчуудын хувьд Их удирдагчаа энэ сарын 28-нд оршуулахаар болж, тэр болтол улс орон даяар үндэсний хэмжээний гашуудлын өдрүүдийг зарлаад байгаа. Хойд Солонгосчууд ч их удирдагчаа нас нөхчсөнд харамсаж гашуудаж байна.
Их удирдагч Ким Ир Сеныг 1994 онд нас барахад мөн улс орон даяар гашуудаж байжээ. Гэсэн ч барууны хэвлэлүүд дараагийн удирдагчдад итгэл найдвар хүлээлгэх, Ким Чен Ун л Умард Солонгосыг аварч чадна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэх гэсэн ээлжит зохион байгуулалттай үзэл суртлын пропоганда гэж тайлбарлаж байгаа юм. Их удирдагч Ким Чен Ир нь урьдаас тооцохын аргагүй үйлдэл хийж дэлхий дахиныг шуугиулдгаараа алдартай байлаа.
Түүний намтар маш ээдрэтэй. БНАСАУ-ын хоёр дахь удирдагч Ким Чен Ир 1941 (зарим эх сурвалжаар 1942) оны хоёрдугаар сарын 16-нд Хойд Солонгосын Пөктусан хэмээх тосгоны ойролцоо нэгэн партизаны хуаранд “Солонго татаж хурц од гэрэлтсэн үед төрсөн” гэж албан ёсны намтарт нь бичсэн байдаг ч ихэнх эх сурвалжид хуучнаар ЗХУ-ын -ын Хабаровск хотоос 70 км алсад байрлах Вятский гэдэг гацаанд төрсөн гэлцдэг. Эцэг Ким Ир Сен нь хүүдээ Юрий Ирсенович Ким гэдэг орос нэр хайрлажээ. Зарим эх сурвалжууд түүнийг 2003 онд чихрийн шижин өвчнөөр нас барсан. Одоо байгаа нь түүний хуурамч дүр нь гэсэн шуугиан гарсан. Гэсэн ч тэрээр ямар нэг няцаасан мэдэгдэл хийгээгүй. Сүүлийн хэдэн жил олны өмнө бараг гараагүй. Үнэхээр ч түүний амьдрал хамгийн учир битүүлэг, туйлын төвөгтэй, үл ойлгогдом таамаглалаар дүүрэн өнгөрлөө. Дарангуйлагчдын дундаас хамгийн нууцлаг нь хэмээн түүнийг Америкийн нэгэн нэртэй улстөрч хэлсэн байдаг. Цөмийн пуужин туршсаныхаа төлөө Умардчууд НҮБ болон АНУ-аас эдийн засгийн хориг тавиулахад хүргэсэн. Умардчууд аюулгүй байдал, дэглэмээ хадгалан үлдэхийн тулд цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарладаг  бол ОХУ, Хятад, Япон,АНУ, Өмнөд Солонгос улс Умардууд цөмийн зэвсэгтэй болсон нь зөвхөн Умардын асуудал бус харин бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн, санаа зовох аюултай алхам гэдгийг хүлээн зөвшөөрч, цөмийн зэвсэггүйжүүлэх 6 талт хэлэлцээний ширээний ард хэд хэдэн удаа суусан ч амжилтад хүрээгүй. Солонгосын дайн дуусч 2 Солонгос албан ёсоор хуваагдсаны дараа Умардчууд хаагдмал ганцаардмал Коммунист улсыг байгуулсан бол Өмнөдүүд ардчилсан чөлөөт эдийн засагтай улс байгуулж, одоо дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлэх байр сууринд очсон байна.  Умард Солонгосыг олон улсад нээлттэй ардчилсан улс болгох уу эсвэл хуучин дэглэмээ хадгалж үлдэн Коммунист улс хэвээр байлгах уу гэдэг нь Ким Чен Унаас хамаарах болоод байна. Ямартай ч туршлагагүй залуу удирдагчийн дараагийн алхмыг олон улс амьсгаа даран хүлээж байна. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш