Хойд Солонгосын их удирдагч Ким Чен Ирийг таалал төгссөний дараа түүний орыг залгах Ким Чен Ун гэж хэн бэ, ямар нууцхан эрхэм бэ гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн сонирхож эхэлсэн. Ким Чен Ун хорин хэдхэн насандаа эрх баригч Хөдөлмөрийн намын дээд албан тушаалд томилогдож, Солонгосын ардын армийн 4 таван хошуутай генерал цолыг авсан. Тэрээр өвөө Ким Ир Сен болон эцэг Ким Чен Ирээ бодвол харьцангуй залуудаа төрийн дээд албан тушаалд хүрч, засгийн эрх барих болоод байна. Ким Чен Ирийн олонд мэдэгдэж байгаа 3 хүүгийн отгон нь бөгөөд баян тансаг орчин, тансаг гэр бүлд төрж өссөн. Харин түүнтэй харьцуулахад Умардын жирийн айлын хүүхдүүд хагас өлсгөлөнгийн байдалтай, өвчин эмгэгтэй өсөж өндийж байна. Түүний эх нь Японд төрсөн Солонгос эмэгтэй бөгөөд мэргэжлийн бүжигчин байсан. Өсвөр насандаа тэрээр Швейцарийн олон улсын сургуульд Компьютерийн мэргэжлээр суралцаж, Англи, Герман хэлийг давхар эзэмшсэн. Умардын үе тэнгийхнийхэнтэй нь харьцуулабал мундаг боловсролтой, 2 гадаад хэлээр ярьдаг болж таарч байгаа юм. Өнгөрсөн онд Умардын талаас Өмнөд рүүгээ артиллерийн зэвсгээр галлаж, мөргөлдөөн үүсгэх шахсан. Энэ үйл явдлыг судлаачид Умардын тал ирээдүйн шинэ удирдагчаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэх алхам байсан гэж тайлбарладаг. Ким Чен Ун ч анх удаа цэрэг армийнхантайгаа явж, улсынхаа цэрэг зэвсгийн сүр хүч, чадвартай танилцсан байна. Ким Чен Ун эцэг болон өвөөгөө бодвол улс орныг удирдах туршлага багатай. Түүнийг Умардын улсын аюулгүй байдлын дээд албан тушаалын ажилтнууд буюу түүний авга ах болон авга эгч Ким Чен Ирийн төрсөн дүү армийн генерал Ким Чен Хүй нар аюулгүй байдлыг нь хамгаалдаг. Тэгэхээр эцэг Ким Чен Ирийн тойрон хүрээлэгчид шинэ удирдагчийн аюулгүй байдлыг сахиж, өлгийдөн авч байгаа юм. Ким Чен Ун ямар бодлогоор Умард Солонгосыг захирахыг таахад одоо эрт байна. Ямартай ч улс орноо ганцаардлаас аварч, эдийн засгаа өөд татах эсвэл дэглэмээ хэвээр нь авч үлдэж, өвөөгийнхөө байгуулсан Кимийн эзэнт гүрнийг цааш авч явах нь түүнээс шууд хамаарна. Олон улсын ажиглагчид хойд Солонгост өөрчлөлт гарна байх гэж найдаж, залуу удирдагчийн үйл хөдлөлийг анхааралтай ажиглаж байна.
Shuum.mn
Shuum.mn