logo
Н.Баярмаа: Ажлын ачааллын хажуугаар Нагояагийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах тийм ч амар байгаагүй

Н.Баярмаа: Ажлын ачааллын хажуугаар Нагояагийн их сургуулийн докторын зэрэг хамгаалах тийм ч амар байгаагүй

2022/03/30

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа энэ сарын 25-ны өдөр Япон улсын Нагояагийн их сургуулийн докторын зэргийг “Development of Real Property Law in Mongolia: Toward a Uniform Foundation” буюу “Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн эрх зүй: Нэгдмэл суурийг бүтээх нь” сэдвээр хамгааллаа. Япон улсын Нагояагийн их сургууль Азийн шилдэг сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог. Нагояагийн их сургууль 2014 оноос “Азийн орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү докторын хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулсан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгодог давуу талтай. Монгол Улсын шүүхэд 7 шүүгч хууль зүйн ухааны доктор цолыг хүртсэн байдаг бол ийнхүү 8 дахь доктороо угтан авлаа. Шинэхэн доктор, шүүгч Н.Баярмаатай цөөн хором хөөрөлдсөн юм.

-Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүд маш ачаалал өндөртэйд тооцогддог. Энэ их ажлын хажуугаар докторын зэрэг хамгаалсанд баяр хүргэе!

-Баярлалаа. Миний хувьд 2018 онд Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрт элссэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийн ачааллаараа улсдаа дээгүүрт тооцогддог. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд жилдээ 50 мянга орчим хэрэг шийдвэрлэдэг бол үүнээс 50 орчим хувийг нь төвийн дүүргийн иргэний шүүхүүд шийддэг тухай тоо баримт байдаг. Нэг шүүгчид дунджаар 350 орчим хэрэг ногддог. Манай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өндөр ачаалалтай шүүхийн нэг яах аргагүй мөн. Энэ ажлын ачааллын хажуугаар докторын зэрэг хамгаалах бол тийм ч амар байгаагүй. Судалгааны ажил бичих боломж бололцоогоор хангасан Чингэлтэй дүүргийн иргэний шүүхийн хамт олондоо талархал илэрхийлье. Уг нь 2021 оны 12 дугаар сард төгсөх ёстой байсан ч цар тахлын улмаас хөтөлбөр маань 3 сар орчим хугацаагаар сунгагдаж энэ жил төгсөж байна.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв сонирхол татлаа?

-Докторын судалгаа маань ерөнхийдөө эд юмсын эрх зүйн чиглэлд илүү хамаарна. Тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүй буюу газрын эрхийн асуудлыг сонгон авч судалсан. Манайд газрын эрхийн харилцааг өмчийн эрх зүйн үүднээс докторын ажлын хүрээнд судалсан ажил өмнө нь хийгдээгүй гэж ойлгож байна. Өнөөдөр газрын эрхийн харилцаа Монгол Улсын газрын тухай хуулиар болон Иргэний хуулиар зохицуулагдаж байна. Энэ хоёрын хоорондын уялдаа холбоо, газрын эрхийн хамгаалалт хот суурин бүсийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлахыг зорьсон. Энэ судалгааны ажлаа монгол хэлээрээ хөрвүүлчихвэл Газрын тухай хуулийн шинэчлэл, төрийн өмчийн реформ гээд яриад байгаа өнөө үед эх сурвалжийн хувьд бага ч болов хэрэгцээтэй байх магад гэж найдаж байна. Даанч одоохондоо англи хэл дээр л байна. Монголд судалгааны эргэлтэд эхний ээлжид англи хэл дээр оруулах байх. Легал датад ч юм уу оруулбал гадаад хэлтэй судлаачид маань уншаад дүгнээд явах болов уу гэж бодож байна. Цаашид чадах чинээгээрээ бага багаар монгол хэл рүү орчуулж гаргана гэсэн бодолтой байгаа.

-Энэ сэдвийг чухам яагаад сонгох болов?

-Би 2015 онд шүүгч болсон. Одоо шүүгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Ер нь манайд эд юмсын эрх зүйн чиглэлээр докторын ажлын түвшинд судалсан нь цөөн байдаг. Хамгийн хамааралтай саяхны судалгааны ажлаас нэрлэвэл Д.Янжинхорлоо “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал” буюу ипотекийн чиглэлээр, Ц.Давхарбаяр “Эд юмсын эрх зүй дэх эзэмшлийн зохицуулалт, түүний хамгаалалтын тулгамдсан асуудал” сэдвээр доктор хамгаалсан байдаг. Газрын эрхтэй ямар нэг хэмжээгээр холбоотой үүссэн маргааныг захиргааны болон иргэний шүүх шийдвэрлэдэг. Газрын тухай хуулийн дагуу эзэмших, ашиглах эрхийг иргэд, хуулийн этгээдэд төрийн байгууллагаас олгох, эргээд тэр эрхийг цуцлах, хүчингүй болгохтой холбоотой буюу нэг талд нь төрийн байгууллага, нөгөө талд нь эрх эзэмшигч хоёрын хооронд үүсээд байгаа маргааныг захиргааны шүүх шийдээд байна. Гэтэл манай иргэний шүүх дээр ямар маргаан орж ирдэг вэ гэхээр газрын эрх эзэмшигчдийн хооронд эсхүл газрын эрх эзэмшигч түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн хооронд, эсхүл газрын эрхийн барьцаатай холбоотой үүссэн маргаануудыг  шийддэг. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн дагуу үүссэн газрын эрхийг Иргэний хууль дахь эдийн баялгийн эрхийн хамгаалалтын хүрээнд хэрхэн хамруулах, хуулийг энэ чиглэлд тайлбарлан хэрэглэх асуудал нэлээд анхаарал татна. Гэтэл надад юу ажиглагдсан бэ гэхээр төрийн өмчийн газрыг бусдад ашиглуулахтай холбоотой асуудлыг эдийн баялгийн эрх зүйн зарим суурь зарчмын үүднээс тайлбарлахад бэрх асуудлууд нилээд ажиглагдсан.  Уг нь бол Газрын тухай хуулийн дагуу үүссэн “газар эзэмших эрх” нь иргэний эрх зүйн утгаараа үнэ цэнэ бүхий эд хөрөнгийн эрх мөн. Эдийн засаг талаасаа энэ бол том бүтээгдэхүүн шүү дээ. Тийм ч учраас Газрын тухай хуулийн дагуу үүссэн “газар эзэмших эрх”-ийг санхүүгийн байгууллагууд барьцаалж зээл олгож байна. Энэ эрхийг хамгаалах механизм Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйд байна уу үгүй юу гэдэг нь сонирхол татаж эхэлж байгаа юм. Энэ сэдвийг зайлшгүй судлах хэрэгтэй санагдсан. Төрийн өмчийн газар ашиглалтын харилцаа, хувийн өмчийн газар ашиглалтын харилцааг хэрхэн уялдуулах, эдгээр харилцаанд нэгдмэл зарчим байх ёстой бол хаана, ямар асуудлын хүрээнд байх юм. Төр нэгэнт би чамд энэ газрыг эзэмшүүлнэ, энэ газрыг чи хөгжүүл гээд өгчихсөн юм бол, түүнийхээ төлөө тодорхой төлбөрийг жил болгон авч байх нь зүйн хэрэг, нөгөө талдаа тэр этгээдэд олгосон эрхийнхээ хамгаалалтыг хангалттай тодорхой болгох нь чухал. Яг л энэ хандлагаар харахгүй юм бол эдийн засаг тэр дундаа хот суурин бүсийн газрын харилцаа маш төвөгтэй байдалд орж эхэлнэ. Хэзээ дуртай цагтаа хамгийн ялихгүй үндэслэл зааж, эсвэл бүр субъектив байдлаар хандан буцаагаад авч болох газар дээр өчнөөн олон тэрбумын хөрөнгө оруулж, хөгжүүлэлт хийх үү үгүй юу. Хэрвээ газрыг хэдэн тэрбумаар нь хөгжүүлэлт хийлгэх зорилгоор эзэмшүүлсэн бол түүнийгээ баталгаатай хамгаалдаг байх хэрэгтэй. Ингэж хөгжүүлэлт хийж байгаа газрынхаа төлбөрийг авсан шиг авдаг байх хэрэгтэй. Нэгэнт ашиглуулахаар өгсөн бол төр төлбөрөө авна, дээр нь тэр төрд итгээд тэрбум тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол тэр хүний эд хөрөнгийн эрхийн баталгааг нь гаргаж өгдөг байх хэрэгтэй. Ийм нүдээр харахгүй бол цаашид хөгжих үү гэдэг асуудал л яригдана. Энэ үүднээс л ийм сэдэв сонгосон.

-Таны цаашдын судалгааны ажлын зорилго юу вэ. Энэ судалгаагаа цааш хөгжүүлэх үү?

-Судалгаагаа эргэлзээгүй үргэлжлүүлнэ. Докторын ажлын судалгаа бас бага төвшний судалгаанд хамаарахгүй болов уу. Тийм ч учраас энэ ажлын эцэст олон зүйл миний хувьд тодорсон гэж хэлж болно. Монгол Улсад эдийн баялгийн эрх зүйг, өмчийн эрх зүйг хөгжүүлэх зайлшгүй, бүр нэн тулгамдсан хэрэгцээ байна. Шүүгч нарын маань сургалт ч энэ чиглэлд хандахгүй бол болохгүй санагдаж байна. Манай их сургуулийн багш хэлдэг байсан “Хүн гэгч амьтан гурван мөн чанартай гэж. Эхнийх нь хүн нийгмийн амьтан буюу хүн нийгмээрээ амьдарч байж л амьдрал нь утга учиртай болно. Гэтэл нийгмийн амьдрал зайлшгүй шиг тэдний зөрчил зайлшгүй. Хоёр дахь нь хүн бол улс төрийн амьтан. Нэгэнт хүмүүс нийгмээрээ амьдардаг юм бол тэд лидер төрүүлэхээс өөр аргагүй. Лидер бол манлайлагчийн төлөө өрсөлдөөн. Энэ өрсөлдөөн өөрөө тэр чигээрээ улс төрийн амьдрал юм. Гурав дахь гол мөн чанар нь хүн өмч бий болгодог амьтан гэж. Өөрөөр хэлбэл өмч бүтээх, түүнээ ашиглах, эдлэх хэрэглэх, хамгаалуулах явдал бол зайлшгүй үндсэн эрх юм даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

-За баярлалаа. Та бүгдэд ажлын амжилт хүсье.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш