logo
“Бэрэн групп”-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхтөрийн охин Цэлмэг: Аавын минь гангийн үйлдвэр байгуулах 20 жилийн зүтгэл зогсох ёсгүй…

“Бэрэн групп”-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхтөрийн охин Цэлмэг: Аавын минь гангийн үйлдвэр байгуулах 20 жилийн зүтгэл зогсох ёсгүй…

2022/04/04
- Зээлээ төлүүлэх гээд байна уу, “дээрэмдэх” гээд байна уу гэдгийг ойлгохгүй л байна-

Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөлт нь тасарсан компаниудыг он гараад зарласан билээ. Үүний дараахан зарим компанийн удирдлагуудыг цагдан хорьсны нэг нь “Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр юм. Энэ удаагийн дугаартаа Б.Мөнхтөрийн охин “Бэрэн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Цэлмэгийн ярилцлагыг хүргэж байна.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач...

-Би айлын том охин. Нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээж хоёр маань намайг биеэ дааж сургахын тулд анх Улаан-Үд хотын Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид оруулж байсан. Манай аавын ахынх нь эхнэр буриад хүн байсан болохоор тэднийд амьдарч, бага сургуулиа Буриадад дүүргэсэн. Бага сургуулийн төгсөлтийн арга хэмжээн дээр сургуулийн шилдэг сурагч Мөнхтөрийн Цэлмэг гэж дуудахыг сонсоод охиноороо их бахархсан гэж аав, ээж хоёр маань ярьдаг юм. Тэгээд хүүхдээсээ хол байх дэмий юм гээд намайг Улаанбаатарт авчран, би тавдугаар ангиасаа орос гуравдугаар сургуульд сурсан. Есдүгээр ангиа мөнгөн медальтай төгсөж анги дэвшин шууд 11 дүгээр ангид орсон. Дунд сургуулиа таван онцын эзэн, алтан медальтай төгссөн.

-Шилдэг сурагч байжээ. Их сургуульд хаана сурсан бэ?

-Би багын л Англи улсад сурах мөрөөдөлтэй хүүхэд байсан. Дунд сургуульд байхдаа IELTS- ийн шалгалт өгөөд оноогоо бүрдүүлэн Англид сурах бэлтгэлээ хангасан байсан. Тэгээд Английн Эксетрийн их сургуульд шалгалт өгч тэнцээд урилгаар орж, тус сургуулийн “Бизнесийн удирдлага”мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Дараа нь дэлхийд шилдэгт тооцогддог Лондонгийн Кингс Коллежид Санхүү, нягтлан бодох мэргэжлээр мастерын зэргээ хамгаалсан. Англид сурч байх хугацаандаа их зүйл сурч, төлөвшсөн гэж боддог. Монголдоо хэрэгтэй юм хийх мэргэжилтэн болно л гэж хичээн сурч байсан даа.

-Мэдээж Монголдоо ирээд шууд аавынхаа компанид ажилд орсон уу?

-Үгүй, Монголдоо буцаж ирээд дэлхийн дөрвөн том аудитийн компанийн нэг болох KPMG гээд аудитын компанид аудитчинаар ажилд орсон. Тэндээ жил гаруй ажиллаж, тодорхой туршлагатай болсон. Тэгээд аав маань компанидаа ирж ажиллах санал тавьсан учраас компанидаа бүр бага нэгжээс нь эхэлж, компанийн үйл ажиллагааны талаар бүх шатанд ажиллаж туршлагажсан. Ажиллаж байх хугацаандаа хууль, эрх зүйн мэдлэг шаардлагатайг ойлгоод 2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, шилдэг оюутан болон эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Товчхондоо ийм л намтартай даа. Ямартаа ч өөрийгөө тодорхой хэмжээнд боловсруулаад, бизнес эрхлэн, Монголдоо, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх хүслээ бодит болгохоор хичээж байна.

-“Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр гэдэг хүнийг хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг. Харин охин нь аавынхаа талаар илүү ихийг ярих байх...

-Миний аав чинь багадаа маш толгой сайтай хүүхэд байсан гэдэг. Олон төрлийн олимпиадад түрүүлдэг. Аравдугаар ангид байхдаа Ардчилсан Герман улсад болсон Математикийн олон улсын олимпиадаас Монгол Улсаас анхны алтан медаль авч байсан. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөж, ЗХУ-ын Харьковын их сургуульд суралцаж “Цөмийн физикч” мэргэжлээр төгссөн. Манай аав есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Аавыг хоёр настай байхад аав нь бурхан болсон болохоор ээж, ах, эгч нартайгаа өссөн, мэдээж ээжийн амин хайртай хүүхэд нь байсан гэдэг. Харьков хотод оюутан байхад ээж нь бурхан болж, ах нар нь аавд хэлээгүй юм билээ. Төгсөж ирээд энэ тухай мэдэж, их л хямарч гуниглаж байсан тухайгаа ярьдаг. Эмээг өөд болсны хэдхэн сарын дараа би төрсөн гэсэн. Эмээг хөдөөлүүлэхдээ Монгол заншил ёсоор тавьсан тэмдгийг нь би авч төрсөн гэж ярьдаг. Тийм болохоор аав минь ээжийгээ эргэж ирлээ гээд маш их баярласан гэдэг. Ер нь аав бид хоёр хэзээнээсээ их амь нэгтэй л дээ. Аав надад хүмүүстэй муудаж болохгүй, эвтэй жудагтай байгаарай гэж байнга захидаг. “Хамгийн зөв хүн” олоод ир гэвэл би аавыгаа л нэрлэнэ. Үүнийг ганц би биш, хамтран ажилладаг, таньж мэддэг олон хүн хэлнэ. Нэг амьдрах насандаа хүн хүнээрээ байх ёстой гэдгийг өөрийнхөө биеэр үр хүүхдүүд, ах дүү, олон түмэнд үлгэрлэн амьдарч чадаж байгаа хүн бол миний аав. Аав маань хүний өөрийн гэж ялгалгүй бусдад маш их тусалдаг хүн. Бусдад тус дэмтэй явах нь манай гэр бүлийн үндсэн зарчим юм даа.

No description available.

-Дүү чинь компанидаа хамт ажиллаж байгаа юу?

-Ажиллаж байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаагүй. Тархины хорт хавдар тусч хүндхэн мэс засал хийлгэсэн учраас урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа. Коронагийн жилүүдтэй зэрэгцээд бидний амьдралд төсөөлж байгаагүй хүндхэн сорилтууд тулгарч байна. Энэ бүхний зэрэгцээ Хөгжлийн банк, өр зээлийн асуудал дуулиан болж гарч ирлээ. Аавыг маань цагдан хорих арга хэмжээ авчихлаа.

-Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг ярихын өмнө “Бэрэн групп” ХХК-ийн үүх түүхээс ярилцъя. Хэзээ байгуулагдсан компани вэ?

-Аав маань оюутан байхаасаа ах нарынхаа хамт тарваганы арьсан малгай хийж борлуулан анхны хуримтлалаа үүсгэж байсан гэдэг. Сургуулиа төгсөж ирээд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1992 оноос ах нарынхаа хамт “Бэрэн групп” ХХК-ийг байгуулан, Программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Өгөөж, Талх чихэр, Сэлэнгийн гурилын үйлдвэр, Дарханы төмөрлөг зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын санхүүгийн программ, ДЦС-ууд, Эрдэнэт концернын автомат удирдлага, хяналтын системүүдийг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын ихэнх боомтууд дээр орчин үеийн электрон, хүнд даацын пүү үйлдвэрлэж, угсарсан байдаг. Мөн Сингапур улсаас орчин үеийн нарийвчлал өндөртэй үйлдвэрлэлийн автоматжуулалтын багаж хэрэгслэл, мэдрэгчүүд, оффисын тоног төхөөрөмж импортлон үйлдвэрүүдэд нэвтрүүлсэн гээд бизнесийн эхэн үедээ программ хангамж, автоматжуулалтын ажлыг голлож хийж байсан байдаг.

Монгол Улсад газар тариалангийн салбарын уналтын үе буюу 1996 оноос ОХУ, БНХАУ-аас гурил импортлон улсын гурилын хэрэгцээний 40-өөд хувийг ханган нийлүүж байсан гавьяа мөн л аавынх.1997 оноос газар тариалангийн салбарт хөрөнгө оруулан 40.000 га эргэлтийн талбайд улаанбуудай тариалан дотоодын хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэн, хүнсний хараат байдлаас гарахад хувь нэмрээ оруулан ажиллаж, Монгол Улсын 2000-2002 оны улсын шилдэг тариаланчаар шалгарч байлаа гээд яриад байвал аав маань үүх түүх ихтэй, хийж бүтээсэн нь нүдэн дээр ил харагддаг.

No description available.

Өдгөө “Бэрэн групп” ХХК маань хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга үл хөдлөх гэсэн дөрвөн томоохон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани Улсын тэргүүний тариаланч хамт олон, Шилдэг аж ахуйн нэгж, Найдвартай татвар төлөгч, “ТОП-100”, “ТОП-150” ахуйн нэгжээр жил бүр шалгарч МҮХАҮТ-аас олгодог ENTREPENEUR зэрэг бусад шагнал, өргөмжлөлийг 30 гаруй удаа хүртсэн.

-Танай компанийн барьсан Хангай хотхон гэр хорооллыг барилгажуулах ажлыг бодитоор хийж болдог юм гэсэн тод жишээ болж харагддаг. Бас л амаргүй давааг давж газраа чөлөөлсөн байх даа...

-Сүүлийн жилүүдэд манай компани барилгын салбарт амжилттай ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол Улсад хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол 7 дугаар хороолол буюу Хангай хотхон. Мэдээж, газар чөлөөлөхийн тулд иргэдтэй ярилцаж тохирох нь хамгийн их цаг хугацаа шаардсан, ихээхэн хөрөнгө шаардсан, бэрхшээлтэй ажил байсан ч бид ард нь гарч, төслөө амжилттай хэрэгжүүлж чадсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь арилжааны шинж чанартай барилгын төслүүдээс маш их ялгаатай. Газар чөлөөлөлтөд цаг хугацаа, хөрөнгө их шаардагддаг, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан учраас жижиг талбайн зохион байгуулалттай байдаг тул ашигтай талбай бага, нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай болдог.

Нийтдээ 7 дугаар хороолол орчимд 30 га талбай буюу 600 орчим айлын газрыг чөлөөлж,төслийн хүрээнд 4.000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулсан. Энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байгаа 600 янданг бодитоор байхгүй болгосон гэсэн үг. Гэхдээ иргэд орчны бохирдол гэхээр зөвхөн агаарын бохирдол гэж ойлгодог. Үүнээс гадна хөрс, усны бохирдол бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа. Жил бүрийн хавар гардаг халдварт өвчнүүдийн гол эх үүсвэр бидний хэлж заншсанаар нүхэн жорлонгоос үүдэлтэй юм. Тэгэхээр бид зөвхөн 600 янданг биш, тэр хэмжээний нүхэн жорлонг бас бодитоор байхгүй болгосон гэсэн үг юм.

Энэ нь манай компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй ажил гэж боддог бөгөөд бидний ажлын нэг бахархал юм даа.

-Барилгын гол материал бол яах аргагүй арматур байдаг. Танай компанийн арматурын үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх болж байгаа юу?

-Аавын минь мөрөөдөл бол Монгол Улсдаа ган үйлдвэрлэх. Тийм ч учраас олон жил дотооддоо гангийн үйлдвэр байгуулна гэж судалж, суралцаж ирснээ ажил хэрэг болгон явж байна.Ган үйлдвэрлэнэ гэдэг олон үе шаттай юм билээ.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Барилгын арматурын үйлдвэр” төсөл “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн зөвхөн нэг хэсэг нь юм. Анх энэхүү төсөл 2003 оноос эхэлсэн бөгөөд төмрийн хүдрийн олборлолт, хар металлурги, ган төмрийн чиглэлээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээний ажил эхлүүлж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байдаг. Ингэснээр 2007 онд Монгол Улсад анх удаа төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр, уурхайг барьж ашиглалтад оруулсан ба энэ үйлдвэр одоо ч Монгол Улс дахь хамгийн том төмрийн нойтон баяжуулах үйлдвэр болж байгаа юм. Монгол Улс жилдээ 8 сая орчим тонн төмрийн хүдрийг экспортолдог. Энэ үйлдвэр нь экспортод гаргаад байгаа төмрийн хүдрийн дараагийн шатны боловсруулалтыг хийдэг үйлдвэр гэсэн үг юм.

Дараа нь төмрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулах үйлдвэрийг 2009,2011 онд ашиглалтад оруулсан нь мөн л Монгол Улс дахь анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болсон. Одоогоор энэ төрлийн үйлдвэр Монгол Улсад өөр байхгүй. Шууд ангижруулсан төмөр нь сайн чанарын гангийн түүхий эд болдог бөгөөд хаягдал төмрөөр ган үйлдвэрлэдэг цахилгаан нуман зуух, индукцийн зуухтай үйлдвэрүүдийн түүхий эд болох бүрэн боломжтой юм.

Шууд ангижруулсан төмрөөс гадна дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 70 орчим хувь үйлдвэрлэгддэг домен зуух, хүчилтөрөгчийн конверторын хослол бүхий технологийн гол түүхий эд болдог ширмийг 2014 онд Монгол Улсад анх үйлдвэрлэсэн. Дандаа л анхдагч нь болж байсан байгаа шүү дээ. Энэ бол аавын минь төдийгүй бидний бахархал.

Хөгжлийн банкнаас санхүүжилт авахаас өмнө бид эдгээр бүтээн байгуулалтуудыг хийж, 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийчихсэн байсан юм. Хөгжлийн банк нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу дэд төслийн хөрөнгө оруулалтын гуравны нэг хэсгийг л санхүүжүүлсэн. Үлдсэн хөрөнгө оруулалтыг компани өөрөө оруулах ёстой байсан бөгөөд үүнийхээ дагуу санхүүгийн зардлыг оруулахгүйгээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан.

Үүний үр дүнд “Барилгын арматурын үйлдвэр”-ийн үндсэн барилга байгууламж, үндсэн болон зарим туслах тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай байна.

No description available.

Манай компани нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг оруулах боломжгүй болж, 2020 оноос удаа дараа төр засагт хүсэлт тавьж Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт авах хүсэлтээ өгсөн ч бүтээгүй. Дотооддоо хөрөнгө босгох боломжгүй, коронагийн халдвараас болж гадаад хамтрагчдаасаа тусгаарлагдсан болохоор төсөл маань зогсонги байдалд ороод байна.

-“Бэрэн групп” хүнд үйлдвэрийн чиглэлээр том том бүтээн байгуулалтуудыг хийж, одоо ч хийсээр байгаа юм байна. Хөгжлийн банкнаас авсан зээл ч дээрх төслүүдэд зориулагдсан байна. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан ихэнх компани барьцаа тавиагүй гэсэн асуудал үүсээд байгаа. Танай компанийн тухайд барьцаа хөрөнгө байршуулсан юм уу?

-Хөгжлийн банкнаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “7 дугаар хорооллын Ё блокын 720 айлын орон сууцны барилга” болон “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “Барилгын арматурын үйлдвэр” төслүүдэд зориулж 11.7 сая ам.доллар болон 27.2 сая ам.долларын санхүүжилтийг 2014-2018 онд төслүүдийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулан үе шаттайгаар тус тус олгосон. Зээл тус бүрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд байгуулагдах үед Монголбанк болон Хөгжлийн банкны холбогдох дүрэм журамд нийцүүлэн зээл, барьцаа хөрөнгийн харьцааны шаардлагыг бүрэн хангаж, зургаан үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл, 38 үл хөдлөх хөрөнгө, төслүүдийн хөрөнгийг барьцаалуулсан. Эндээс барьцаа хөрөнгө хангалттай тавьсан нь харагдах байх.

-Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлийн талаар асуумаар байна. Зээлээ төгрөгөөр авсан уу, валютаар авсан уу?

-Манайх хөнгөлөлттэй зээл аваагүй, биенесийн зээлд хамрагдсан. Манайд олгосон Хөгжлийн банкны ам.долларын зээл нь 8.6 болон 9.3 хувийн хүүтэй, дээрээс нь нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцогдож байгаа. Зээлийг дан валютаар буюу ам.доллараар авсан. Барилгын арматур болон орон сууц нь дотооддоо борлуулагдаж, төгрөгийн орлого олох байсан тул анх төгрөгөөр зээл авах хүсэлт гаргаж байсан ч ам.доллараар зээл олгогдсон. 2014 онд ам.долларын ханш 1.700 орчим төгрөг байсан, харин одоо 3.000 төгрөг гараад явж байна, энэ бол асар их зөрүү. Одоогийн байдлаар зөвхөн үндсэн зээл дээр л гэхэд 30-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээгээд байгаа. Цаашид ханш тогтворжихгүй бол дахин хичнээн хэмжээний ханшийн алдагдал хүлээхээ мэдэхгүй байна. Хөгжлийн банкинд хандаад ам.долларын зээлээ төгрөг рүү хөрвүүлэх хүсэлт гаргахад хүлээж авдаггүй.

-Танай зээл төлөх хугацаа хэдийд дууссан юм бэ?

-Гангийн үйлдвэр дээр авсан зээлийн хугацаа дуусаагүй байгаа. Харин Хангай хотхоны Ё блокт зориулсан 11.7 сая ам.долларын зээлийн төлөх хугацаа 2021 онд дууссан болохоор энд зээл төлөгдөөгүй гэх асуудал үүсээд байгаа юм.

Одоо Хөгжлийн банкин дээр үүссэн асуудал юу вэ гэхээр зээлээ зориулалтын бусаар зарцуулсан уу, зээл авахдаа авлига хээл хахууль өгч, хууль бусаар авсан уу гэж шалгаж байгаа. Бидний буруу болоод байгаа зүйл гэвэл барилга дээр авсан зээлийнхээ тодорхой хувийг гангийн үйлдвэртээ оруулсантай холбоотой. Үнэндээ хавар дөрөвдүгээр сард хүссэн зээл маань өвөл 11 дүгээр сард шийдвэрлэгдсэн. Өвөл манайд барилгын ажил зогсдог болохоор өндөр хүүтэй зээлээ тэр чигт нь таван сар хадгалаад байх боломжгүй. Бизнесийн зарчмаараа л групп дотроо гангийн үйлдвэр рүүгээ зээлийн тодорхой хувийг шилжүүлсэн хэрэг.

Уг нь энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар маргаан өрнүүлж шийдэх ёстой юм. Учир нь зээл авах, зээлээ зориулалтын бусаар ашиглана гэдэг эрүүгийн гэмт хэрэг биш, Иргэний хуулиар шийдвэрлэгдэх харилцаа. Иргэний хуулиар бол гэрээний эрх зүйн асуудал юм. Яагаад гэвэл манайх зээлийн хөрөнгөөр Хангай хотхоны Ё блокийн зургаан барилгын гурав нь баригдаж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөх гээд явж байна. Гурав нь баригдаж, үйл ажиллагаа маань үргэлжлээд явж байна шүү дээ. Зээлээ дотооддоо бус хаа хамаагүй өөр компани, хувь хүнд өгчихсөн бол өөр хэрэг.

-Та аавыгаа цагдан хоригдсоноос хойш очиж уулзсан уу?

-Манай ээж нэг л удаа уулзаж чадсан, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа. Цагдан хорих байгууллага нь мягмар, лхагва гаригуудад л ажлын цагаар уулзуулдаг юм байна. Тэр өдрүүдэд нь мөрдөгч зөвшөөрөл өгөхгүй байсаар ажлын цагийг нь өнгөрөөдөг. Уулзалтын зөвшөөрөл хүсээд АТГ-ын үүд сахиад суухаар, утсаар залгахаар л ирж бай гэдэг. Утсаар залгахгүй байсаар 461 дүгээр хорих анги руу очиж амжихгүйг мэдсээр байж ажлын цаг дуусах дөхсөн үед залгадаг. “Одоо очиход угаасаа оруулахгүй байх даа яах вэ” гэхээр та нар өөрсдөө уулзахаас татгалзсан шүү гээд утсаа тасалчихдаг.

Хуульд зааснаар шүүхээс хүнийг цагдан хорих үндсэн хугацаа нь нэг сар байдаг юм байна лээ. Аавыг анх цагдан хорих шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн байдлаас нь хамаарч нэг сар цагдан хорих боломжгүй гээд 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Миний аав 2017 онд ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсэн. Дээр нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болохоор хоолны нарийн дэглэм барьдаг. Мөн зүрх өвддөг учраас эмчийн хяналтад байдаг хүн л дээ.

Тэгээд 20 хоногийн хугацаа нь дуусаад суллагдсан, тэгтэл маргааш нь Б.Мөнхтөр суллагдсан гэсэн мэдээ гарангуут, тэр өдрийнхөө маргааш нь буцаагаад бүр 30 хоногоор цагдан хорихоор шийдвэрлэсэн.

-Цагдан хорих хугацааг сунгасан шалтгаан нь юу юм бэ?

-Анх цагдан хорихдоо“гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээ байгаа” гэсэн шалтгаанаар хорьсон, үүн дээр бид үнэхээр гайхаж байсан. Монгол Улсад ямар хачирхалтай систем үйлчлээд байна вэ. Манай аав улс төрөөс ангид, хол байдаг, бизнесмэн хүн. Бизнес хийдэг хүн бүр л банкнаас зээл авдаг. Зээл авна гэдэг гэмт хэрэг биш. Манай компани өөр банкнаас ч зээл авч байсан. Зээлийн зөрчил үүсч байсан ч, зээлээ бүрэн төлж барагдуулдаг байсан. Энэ бүхэн бол гэрээний эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа болохоос Эрүүгийн эрх зүйгээр явдаггүй. Хөгжлийн банкны хувьд улс төрийн тоглолт давхар явж байна гэж харж байна.

Бэрэн бол яалт ч үгүй том зээлдэгч. Барилга, гангийн үйлдвэр нийлээд Хөгжлийн банкнаас 38 сая долларын зээл авсан, тухайн үеийн ханшаараа 83 тэрбум төгрөг. Зээлийн хүү болон ханшийн алдагдал гээд бүгд нийлээд одоогийн ханшаар бодоход 160 гаруй тэрбум төгрөг төлөхөөр болж байна.Бидний авсан зээл тодорхой, эргэн төлөх нь ч тодорхой байсан болохоор биднийг шалгана гэхэд айж сандарсан зүйл байгаагүй. Манай санхүүгийн захирлыг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байсан.Ер нь тэгээд коронагийн хөл хорио, ханшийн өсөлтөд компаниуд буруугүй шүү дээ.

Дахин 30 хоногоор цагдан хорихдоо хэрэг нь “ээдрээ төвөг ихтэй” гэдэг үндэслэлээр хорьсон. Ээдрээ төвөгтэй гэдэг нь үнэхээр ойлгомжгүй. таван жилийн өмнө авсан зээл шүү дээ. Санхүүгийн бүх мэдээллээ бид мөрдөх байгууллагад гаргаж өгсөн. Одоо шалгаж байгаа хэрэг нь аавтай ямар ч хамааралгүй өөр хүнийг 2018 оноос эхлэн шалгаж байсан гэж ойлгосон. Тэгээд бүтэн дөрвөн жил шалгахдаа нэг ч удаа аавыг маань дуудаж мэдүүлэг аваагүй байснаа гэнэт л яллагдагчаар татаад, цагдан хорьсон.

-Анх шууд л цагдан хорьсон хэрэг үү?

-Миний аав арматураа яаралтай гаргахын тулд амь биеэ үл хайрлан Эрдэнэт хотод очиж байрлан үйлдвэрээ асаагаад гар бие оролцон ажилладаг болсон. Нэг өглөө би сайтаас Бэрэнгийн Мөнхтөрийг цагдан хорих боллоо гэдэг мэдээг уншсан. Яг тэр өдөр нь аав Эрдэнэтээс хот руу ирж таарсан юм. Замд явахад нь утасдаж сайтаас уншсан мэдээллээ хэлсэн. Уг нь бол хүнийг цагдан хорих шийдвэрийг зөвхөн шүүх л гаргадаг, тэгтэл цахим сайт дээр шүүхийн шийдвэр гарахаас нь өмнө мэдээлэл оруулчихсан байсан. Тухайн хүнд өөрт нь мэдэгдсэн байх ёстой байтал аав огт мэдээгүй байсан. Тэр орой нь аав анх удаа АТГ-т мэдүүлэг өгсөн. Маргаашнаас нь сайтуудаар “Бэрэн группийн Мөнхтөр сугараад үлдчихлээ”,“Шүүгч нар авлига аваад цагдан хорихгүй байна”,“Мөнхтөрийг Эрэн сурвалжилж байна” гэх мэт хачирхалтай мэдээллүүд гараад эхэлсэн. Ийм л зохион байгуулалттай, нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц худлаа мэдээлэл санаатайгаар нийгэмд цацаж, үйл явдлууд өрнөсөөр байгаад дараа долоо хоногт нь аавыг хорьсон.

-Уг нь бол цагдан хорих гэхээсээ илүү зээлээ төл гэж шахсан бол илүү үр дүнтэй байж мэдэх юм...

-Ер нь компанийн хамгийн гол, үйлдвэрлэлийн төслийг өөрөө гардан боловсруулж, бүхий л техник технологи, шат дамжлага, зохион байгуулалтыг гардан удирдаж байгаа хүнийг нь цагдан хорьчихоор үйлдвэрийн ажил яаж сэргэж, өр зээлээ дарах билээ дээ. Өмнө нь уг хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн мэдүүлэг аваагүй, банкнаас шаардлага энэ тэр ирээгүй байж шуудхан л барьж хорьж байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго байна уу гэж хардахад хүргэж байна. Хөгжлийн банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зөвлөлдөөд “Бэрэн металл” ХХК-ийг ямар ч байсан тавдугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлье гэж ярьсан юм билээ. Одоо тэр ажил хэцүү байдалд орж байна. Манай компанийн бүхий л дансыг хаасан, хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Тэр бүү хэл, манай хүүхдийн хадгаламжийн дансыг хүртэл хаасан нь хачирхал төрүүлж байна. Манай дүү тархины хорт хавдрын дараахь урт хугацааны эмчилгээнд байдаг талаар түрүүн ярьсан. Одоо компанийн болоод бидний бүх дансыг битүүмжилсэн болохоор дүүгийн эмчилгээний төлбөрийг ч төлөх боломжгүй болоод байна. Одоо дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэрийн дор хүний эрхийг хөсөр хаяж, нэг компани, нэг гэр бүлийг тэр чигт харлуулах, айлгах ажиллагааг давхар хийгээд байна уу даа гэж харж байна. Манай компани зээл авсан нь үнэн, зээлийн төлөх хугацаа хэтэрсэн нь үнэн. Гэхдээ энэ зээлээ бүрэн төлж барагдуулах нь ч үнэн. Бид залилан хийгээд оргон зугтаагүй, гэмт хэрэг хийгээгүй.

“Ковид-19” цар тахал өвчин гарч, Монгол Улс хил, гаалиа хаах хүртэл манай компани боломжийн хэрээр ажиллаж, зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Харин ковид өвчин гарсны дараа манай улсын бизнесийн бүхий л үйл ажиллагаа доголдолд орсон. Энэ талаараа ч зохих байгууллагад нь мэдэгдэж байсан юм.

Аавын минь насны мөрөөдөл Монгол Улсыг гангийн үйлдвэртэй болгох, тэр ч утгаараа амнаас нь дандаа ган үйлдвэрлэл гэх үг цухуйж, сүүлийн 20 гаруй жил энэ талаар судалгаа хийж өдөр, шөнөгүй үйлдвэрийн төсөл дээрээ ажилласан. Ийм том мөрөөдөлдөө хүрэхийн тулд төдийгөөс өдий хүртэл бүхий л хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө Гангийн үйлдвэр байгуулахын төлөө зарцуулсан, одоо ч зүтгэсээр явна. Ганц хувь хүн, хувь компанийн төлөө биш, Монгол Улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалт хийхээр зүтгэж яваагийнх нь төлөө аавыг маань барьж хорьж, шийтгэж байгаад аавынхаа өмнөөс цөхөрмөөр ч юм шиг. Хэрэв бид бусад бизнесээ хийгээд, хувиа бодоод явж байсан бол ийм байдалд орохгүй байсан даа гэх бодол ч хааяа төрөх л юм. Бид бусад компанийн бүх ашиг орлогоо гангийн үйлдвэр рүүгээ оруулдаг байсан.

-Одоо юуны түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Мэдээж, хугацаа хэтэрсэн зээлээ төлөх ёстой байх?

-Юуны өмнө арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй байгаа. Гангийн үйлдвэр Монгол Улсад ашиглалтад орвол ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нь мэднэ байх аа. Манай үйлдвэр эхний ээлжинд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай, цаашид хүчин чадлаа нэмж 200 мянган тонн хүртэл арматур үйлдвэрлэх боломжтой. Манайх өнөөдөр арматураа гадаадаас авч байна. Саяхан буюу 2020 онд арматур тонн нь1.900.000төгрөг байсан бол одоо 3.400.000 төгрөг болж өссөн байна. Үүнийг дагаад 2020 онд байсан байрны үнэ өнөөдөр 40 хувь өсчээ. Энэ бол шууд арматур тэргүүтэй барилгын материалын үнийн өсөлттэй хамааралтай өсөлт. Хэрэв бид арматураа дотооддоо жилд 100 мянган тонныг үйлдвэрлээд эхэлбэл дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг нь хангана гэсэн үг. Дотоодын анхдагч түүхий эд дээр түшиглэх учраас гадаадын зах зээл дээрх гангийн үнийн хэлбэлзэлтэй хамааралгүйгээр арматурын үнийг тогтвортой байлгах бүрэн боломжтой.

Арматурыг нэг тонныг нь 1.000 доллар гэж бодвол 100 мянган тонн арматур эхний ээлжинд дотооддоо үйлдвэрлэхэд 100 сая ам.доллараа бид гадагшаа урсгахгүй байх боломж бүрдэх юм. Арматурын үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор бүх шатны үйлдвэрүүд нийлээд 1.500 ажлын байр бий болно, дагалдаж бий болох жижиг кластер үйлдвэрүүд гээд нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө асар их юм. Наад зах нь л гэхэд 1.500 ажлын байрны цаана тэр тооны өрх гэрийн орлого нэмэгдэж, амьжиргаа дээшилж байх жишээтэй.

No description available.

-Арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулахын тулд одоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ?

-Өмнө хэлсэнчлэн Хөгжлийн банкнаас дэд төслийн гуравны нэгийг л санхүүжүүлсэн. Бид нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үйлдвэрийг дуусгахын тулд бүхий л нөөц бололцоогоороо хөрөнгө оруулалтаа хийсэн, үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийх боломж үнэхээр дууссан.

Үе үеийн Засгийн газар манай үйлдвэрийг стратегийн ач холбогдолтой үйлдвэр гээд дэмжиж ажиллана л гэдэг. Яг бодит дэмжлэг болсон юм бол байдаггүй. Бидний алдаа юу байсан бэ гэхээр Засгийн газар нь дэмжээд үлдэгдэл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж найдсан юм. Уг нь төсөлд Хөгжлийн банкнаас 55 тэрбум төгрөг, компаниас 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, үйлдвэрийг дуусгахад 25 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм.

Монголбанкны журам, банкуудын ажиллаж буй зарчмаараа бол чанаргүй зээлтэй бол дахин зээл авах боломжгүй байдаг. Тиймээс үйлдвэрийг дуусгах санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа.

-Дахин зээл авах боломж байхгүй юм бол хөрөнгө оруулагч олох боломж байгаа юу?

-Энэ үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүн маань Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой учир гадаадын хөрөнгө оруулалт татахаасаа бид зайлсхийдэг байсан. Гэхдээ санхүүжилтийн өөр хувилбаргүй болсон учраас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж, үлдэгдэл хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны зээлийг төлөх, үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай эргэлтийн хөрөнгөд зориулж хөрөнгө оруулалт авахаар яриа хэлэлцээр хийгдэж, гэрээ хэлцэл рүүгээ ороход бэлэн болж байсан. Гэвч Хөгжлийн банкны асуудал үүсээд, улс төрийн эрсдэл бий болсон тул хөрөнгө оруулагчийн зүгээс нөхцөл байдлыг ажиглаад гэрээ хэлэлцээр маань зогсонги байдалд орчихлоо.

Ер нь Хөгжлийн банкны энэ шуугиан бизнест маш сөрөг, хортойгоор тусч байна. Хангай хотхны Ё блокийн барилгын борлуулалтад ч сөргөөр нөлөөлж байна. Банкны барьцаанд байгаа орон сууцаа борлуулах гэж байна гээд манай харилцагч, худалдан авагч, нийлүүлэгчид гээд маш олон түвшинд харилцааны болон үйл ажиллагааны доголдолд оруулж байна.

-Хангай хотхоны борлуулалт гэлээ, танай компани барилгаа ашиглалтад оруулчихсан юм уу?

-Тийм, сүүлийн хоёр жилийн цар тахлын нөлөөтэй хөл хорио, хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлт зэрэг олон хүндрэл бэрхшээлийг давж, Хангай хотхоны Ё блокийн 360 айлын орон сууц ашиглалтад оруулахад бэлэн болгосон байгаа. Бид Хөгжлийн банктай зөвшилцөөд борлуулалтыг эхлүүлэн, зээлийн эргэн төлөлтийг хийхээр хамтран ажиллаж байгаа. АТГ-аас компанийн бүх хөрөнгө, дансыг битүүмжилчихсэн болохоор борлуулалтаа эхлүүлж, зээлээ төлж эхлэх боломжгүй болоод байгаа юм.

-Өнгөрсөн хоёр жилд коронавирусийн улмаас бизнесийн байгууллагууд маш их хүндрэл бэрхшээлтэй тулсан. Танай компанийн хувьд байдал ямархуу байв?

-2019 оноос ковид гарч, Монголд төдийгүй дэлхий нийтээрээ л тэг зогсолт хийлээ. Ковидын хоёр жилд манай үйл ажиллагаа зогссон. Ялангуяа барилгын салбарт үнэхээр хүнд хэцүү, хохиролтой үе байлаа. Ер нь хувийн хэвшилд их хүнд туслаа. Хил гааль хаагдлаа, дотоодын хөл хорио гээд биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлүүд гарсан. Хоёр жилийн хөл хорионы үеэр бидний авсан өндөр хүүтэй зээлийн хүү нь бодогдоод л явж байсан. Иргэд, байгууллагын цахилгаан, ус, дулаан зэргийг төр даагаад, хөнгөлөөд явж байгаа бол банкны зээлийн хүү зогсолтгүй л явж байгаа. Манай компанийг

дараатай төлөөд явах бүрэн боломж бий.

Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас манайхтай ямар ч харилцаа тогтоогоогүй. Манайхаас явуулсан албан бичгүүдэд хариу өгдөггүй байсан. Яагаад ингэж холбогдоогүйг нь одоо бодоход өнөөдрийн асуудал л үүсэх гээд байж. Их олон муу зээлдэгчтэй, тэрийгээ зөв цагт нь зарлаж улс төр хийх гээд байжээ л гэж харж байна. Үнэндээ зээл өгсөн банк нь харилцахгүй, өрөө нэхэхгүй байсан. Зээлээ төлөх нь үнэн тул бид барилгын ажлаа үргэлжлүүлээд одоо ашиглалтад оруулж байна гэсэн үг шүү дээ.

-Энэ үеэр гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт чинь явсан уу?

-Бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэл явагдсан. Бид уурхай болон баяжуулах үйлдвэр, ширэм үйлдвэрлэх домен зуухыг ажиллуулах бэлтгэл ажлаа хангасан. Мөн шууд ангижруулсан төмөр болон коксын үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэсэн кокс дээрээ түшиглэн вагроник зууханд ширэм үйлдвэрлэн БНСУ руу бага хэмжээгээр экспортолж эхэлсэн. Өмнө бид БНСУ болон БНХАУ руу экспортолж байсан туршлагатай.

Их хэмжээгээр экспортод гаргая гэхээр нэг асуудал үүсээд байдаг нь төмөр замын тээвэр юм. Яагаад гэхээр бидэнд вагон олддоггүй. Уг нь экспортолж чадвал Монгол Улсад л валют орж ирэх юм. Үйлдвэрлэл явуулаад экспортолъё гэхэд вагон олдохгүй байна гэхээр Монгол Улс маань яаж хөгжих вэ.

Бүгд хэн нэгний мэдэлд, монополь эрх мэдэлтэй болсон байдаг. Үүнээс гадна хил гааль дээр асуудал үүснэ. Заавал хэн нэгэн том хүнийг танихгүй л бол бизнес хийхэд маш хэцүү болсон. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс бүгд л ийм байгаа. Өнөөдөр Монгол Улс яагаад валютын хомсдолд орж байна вэ. Адаглаад л вагоноороо юм зөөж гаргаж чадахгүй байна шүү дээ. Ийм байхад манай эдийн засаг хэцүүдэх нь аргагүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч нь импортын өндөр өртөгтэй тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязаарлалт тавих талаар яриад байна лээ. Монголчууд ингэж амьдрах ёсгүй. Төрөөс хүнд үйлдвэрүүдийнхээ боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлж байвал, валютын орж ирэх урсгал нэмэгдэнэ. Хүмүүс нь мөнгөтэй болно. Мөнгөтэй бол бид гаднаас дуртай зүйлээ авч чадна. Ингэж ажиллахын оронд гаднаас юм битгий ав гээд байж болохгүй. Гадагшаа экспорт хийх арга зам, гарц гаргалгаагаа олох, хувийн хэвшлээ унагах биш, дэмжиж ажиллах л чухал байна.

-Засгийн газраас дэмжлэг үнэхээр үзүүлдэггүй гэж үү?

-Засгийн газар, холбогдох яамдууд нь дэмжих талаар бол ярьдаг, гэхдээ яг хөрсөн дээрээ бууж чаддаггүй. Жишээлбэл, Шинэ сэргэлтийн бодлогыг шинээр гаргаж байна. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэх 72 төсөл яригдаж байгаа. Үүнд Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр төсөл багтсан. Үүнтэй холбогдуулан яг ямар бодит ажил хийгдэхийг мэдэхгүй байна.

Хөгжлийн банкны удирдлагууд солигдож, шинэ удирдлагуудтай болсон. Үүний дараа “ “Бэрэн групп” ХХК-ийг дампууруулна, барьцаанд байгаа хөрөнгийг нь улсад авна” гэсэн яриа гарсан. Энэ юу гэсэн үг вэ. Бидний хичнээн жилийн хүч хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон компанийг үнэгүйдүүлж, төр хувийн өмчийг нэг дуулианаар далимдуулан авах гээд байгаа юм уу. Яг ямар зорилгоор, хаанаас ийм үг яриа гаргаад байдаг юм бол гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу. Хөрөнгийг нь хурааж авах гээд байгаа юм уу, ойлгомжгүй байна. Бид нэгэнт том бүтээн байгуулалт эхэлсэн юм чинь, үлдэгдэл хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал зээлээ төлөхөд асуудалгүй болно.

Ер нь яагаад Монголд гангийн үйлдвэрийг байгуулуулахгүй гээд байгаа юм. Хэнд ашигтай болоод зогсоох гээд байгаа юм гэсэн хар төрж байна.

-Таны яриаг сонсож байхад компани хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа юм байна. Цаашид яах бол...

-Бидний хувьд хүнд гэмт хэрэг үйлдээгүй, залилан хийгээгүй гэж дээр хэлсэн. Дахиад ч хэлье. Бизнес хийж байгаа хүн зээл авдаг. Энэ бол гэмт хэрэг биш. Бид зээлээ төлөх бүрэн боломжтой. Бид ор хоосон зүйл яриад суугаа юм биш, гангийн үйлдвэр маань 85 хувийн гүйцэтгэлтэй яваа. Баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайдын УИХ-д хийхээр бэлтгэгдсэн мэдээлэлд “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр”-ийн Арматурын үйлдвэрийг хөрөнгө оруулалтаар дэмжиж ашиглалтад оруулна” гэсэн байна лээ. Энэ асуудлыг хэлэлцэх явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гуай УИХ-ын гишүүдийн асуултад Эрдэнэтийн “Арматурын үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой” гэж хариулж байсан. Энэ нь өнөөдрийг хүртэл хямарч яваа сэтгэлд бага ч гэсэн гэрэл гэгээ оруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуай ч манай үйлдвэрийн талаар сайн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа манай үйлдвэртэй танилцаж, хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Монгол Улс чөлөөт эдийн засагтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс. Монголын төр хувийн хэвшлээ, бизнес эрхлэгчдээ аль болохоор дэмжин, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын тулд хамтдаа хичээж зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш айлгаж сүрдүүлдэг, барьж хорьдог, хөрөнгийг чинь хураана шүү гэж дарамталдаг ийм системээсээ зайлсхиймээр байгаа юм. Их олон жишээ, олон үйл явдал бидний нүдэн дээр өрнөж байна. Ажил хийсэн хүн хохирдог нийгэмд бид амьдармааргүй байна. Аавын минь олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулсан ажлыг нь үнэгүйдүүлэх, үгүйсгэх оролдлогуудын эсрэг би тууштай тэмцэх болно. Үр хүүхдийнх нь хувьд ч, шударга нийгэмд амьдрах хүсэлтэй залуу хүний хувьд ч, “Бэрэн” группийн нэг эд эсийн хувьд ч энэ бол миний үүрэг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш