Монгол улсын засгийн газраас боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БСШУ-ны сайд Отгонбаяр УИХ дарга Д.Дэмбэрэлд өргөн барьлаа. Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажсан лаборатори сургуулиудыг бий болгох эрх зүйн үндсийг тавьж байгаа юм. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар бага боловсрол 6 жил, суурь боловсрол 9 /6+3/ жил, бүрэн дунд боловсрол 12 /6+3+3/ жилд олгож байгаа билээ. Ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж сургалтын шинэ стандартыг нэвтрүүлж байгаатай уялдуулан сургалтын бүтцийг 5+5+2 гэсэн бүтэцтэй болгон өөрчилж байгаа юм. Шинэ стандарттай холбогдуулан багш нарын давтан сургалтыг 5 жил тутамд хийж байхаар боллоо. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон заалтуудыг шинэчилж байгаа аж. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал сургалтын менежер дотуур байрны багш, нийгмийн ажилтан, сургуулийн эмч нарт орон нутагт ажилласан нэмэгдлийг олгох, тэтгэвэрт гарахдаа хот суурин газарт 18 сар, орон нутагт 36 сарын нэмэгдэл авч байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн дээд боловсролын тухай хуульд дипломын боловсролыг дээд боловсролын ангилалд оруулахгүй байхаар заажээ. Ингэснээр дээд боловсрол нь баклаврын, магистрын, докторын гэсэн гурван ангилалтай болох юм байна.