logo
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2016 оныг дуустал НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг 2016 оныг дуустал НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

2011/12/22
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд гаднаас авчирч дотооддоо борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. 
Засгийн газар хуралдаанаараа уг төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны хуулийн дагуу импортоор оруулсан 7.2 мянган тонн эрдэс бордоо, 2.5 мянган тонн ургамал хамгааллын бодис, 2.4 мянган ширхэг өндөр хүчин чадалтай болон бага оврын трактор, газар тариалангийн, усалгааны, гурилын үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид 30 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлээд байгаа аж.
Үүний дүнд газар тариаланд ашиглах тракторын 80 хувь, ургац хураах техникийн 65 хувь нь шинэчлэгдэж, тариалангийн талбайн хэмжээг 618 мянга га-д хүргэж, нэгж талбайгаас хурааж авах ургацын дундаж нэмэгдсэн байна.
Ингэснээр энэ онд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдэн, ургац хураалтыг өнгөрсөн жилийнхээс 10-12 хоногоор богиносгох боломжтой болжээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш