logo
Хувийн хөрөнгө оруулалт нь улсынхаас 1.75 дахин өндөр үр ашигтай гарчээ

Хувийн хөрөнгө оруулалт нь улсынхаас 1.75 дахин өндөр үр ашигтай гарчээ

2011/12/22
Улсын хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, тулгамдаж байгаа асуудлын талаар Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төр, засгаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр олон ажил хийсний дүнд 2010 оны хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноос 1224.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байжээ. Энэ онд гэхэд л 2000 оны хөрөнгө оруулалтын хэмжээнээс 31,5 дахин, 2005 оныхоос 15 дахин их хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд хувийн хөрөнгө оруулалт нь улсынхаас 1.75 дахин өндөр үр ашигтай байгаа нь судалгаа гарчээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2016 он хүртэл ямар байхыг ч Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо таамагласан байна.
Эндээс үзвэл ирэх онд энэ хэмжээ 18063.6 тэрбум, 2013 онд 21787 тэрбум, 2014 онд 26231 тэрбум, 2015 онд 31788 тэрбум төгрөг байх нь. Төсвийн хөрөнгө оруулалт 2012 оны түвшинд байна гэж үзвэл нийт хөрөнгө оруулалт ирэх жил 6314.7 тэрбум, 2013 онд 6789.5 тэрбум, 2014 онд 6906.5 тэрбум, 2015 онд 7515.4 тэрбум төгрөг байх төлөв гарчээ. 
2016 он хүртэл улсын хэмжээнд 35,68 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, төмөр зам зэргийг Хөгжлийн банкны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Мөн хувийн хөрөнгө оруулалт орох таатай нөхцөл болгож, эдийн засгийн дэд бүтэц болон бусад зөөлөн дэд бүтцийг төсвийн хөрөнгө оруулалтаар хангах бодлого баримталж байгаа юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш