Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 19-ний өдөр явагдах орон нутгийн нөхөн, дахин сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Тус Хороо хуульд заасан чиг үүргийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, холбогдох шатны Хуралд хүргүүлж, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулах ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж байна.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-11-ний өдрийг дуусталх хугацаанд явуулахад аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод нийт 52 мандатад 94 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 49 нь Монгол Ардын Намаас, 37 нь Ардчилсан намаас, 8 нь бие даан нэр дэвшигч байгаа бөгөөд улс даяар нэгэн зэрэг, аймаг, нийслэлийн 60 хэсэгт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн, дахин сонгууль явагдана гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.