logo
Хотын дарга МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хотын дарга МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022/05/31

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичгийг байгуулснаар НЗДТГ болон МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэх боломж нэмэгдэнэ.

Мөн иргэдийн мэдэх эрхийг хангах, ач холбогдол бүхий мэдээ мэдээллээр цаг тухай бүр хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар асуудал хөндсөн, гарц шийдлийг эрэлхийлсэн, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, контент зэргийг бэлтгэн хүргэх юм.

Хотын дарга энэ үеэр иргэдэд мэдээ мэдээлэл хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийслэлийн холбогдох байгууллагууд хамтран ажиллах нь чухал. Иймд энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт талууд гарын үсэг зурж буй явдал нь чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд мэдээ мэдээллийг түгээхдээ иргэний эрхийг хүндэтгэж, олон ургалч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн, үндэсний эрх ашгийг дээдлэн ажиллахаа тус санамж бичигт тусгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш