logo
“Марсын сорилт” номын нээлт өнөөдөр болно

“Марсын сорилт” номын нээлт өнөөдөр болно

2022/06/22

Марс гарагийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилт болсон гэдгийг бид мэднэ. Монгол Улс ч сансар огторгуйг судлахад дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв НҮТББ /MARSA/-аас "Mars V" төслийг 2018 онд санаачлан эхлүүлсэн.

"Mars V" төслийн багийнхан Марс нийгэмлэг (Mars Society)-ийг үүсгэн байгуулагч доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номыг “Марсын сорилт” нэрээр орчуулж 2022 оны зургаадугаар сарын 22-нд Монголын уншигчдын хүртээл болгох гэж байна. 

Энэхүү номын нээлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсыг олон улсын сансар судлалын томоохон байгууллагуудад таниулах, гадны хөрөнгө оруулагчдыг татахад томоохон хувь нэмэр оруулах, хөгжингүй орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэхэд чухал ач холбогдолтой юм.

Доктор Роберт Зубрин нь Сансрын Хайгуулын Технологийн SpaceX компанийн захирал Илон Маскийн багш, хамтрагч бөгөөд түүний бичсэн “The Case for Mars” ном нь англи, япон, франц, герман, польш, итали, испани, орос хэлнээ орчуулагдан дэлхий нийтэд түгсэн бүтээл юм. Энэхүү бүтээлээс Улаан нүдэн гарагийг хэрхэн эзэмших, яагаад эзэмших ёстой хийгээд Ангараг гарагийг эзэмших боломж, сорилт, төлөвлөгөөний талаар унших боломжтой.

Номын нээлтийн ажиллагаанд Марс нийгэмлэг (Mars Society)-ийг үүсгэн байгуулагч доктор Роберт Зубрин өөрийн биеэр ирж оролцож Монголын эрдэмтэн, судлаач, багш нарт болон сансар судлал, шинжлэх ухаан сонирхогч оюутан залууст зориулан лекц унших юм.

Түүнчлэн Чибагийн Технологийн их сургуулийн профессор, Япон болон Арабын Нэгдсэн Эмират улсын Марс хөтөлбөрийн удирдагч доктор Хироки Акияама “Марсын сорилт” номын нээлтэд оролцож, илтгэл тавина. Нээлтийн ёслолд Монгол улсын БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, MarsV төслийн санаачлагч С. Эрдэнэболд, МУИС-ийн ерөнхийлөгч/ректор Б.Очирхуяг, ГХЯ-ын Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С. Сүхболд нар үг хэлж оролцоно.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход манлайлан оролцогчид, сансар судлалаар дэлхийд тэргүүлж буй улсуудын элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд, түүнчлэн тухайн салбарын шинжлэх ухааны байгууллагууд, тэргүүлэх мэргэжилтнүүд, төслийг багийн гишүүд, дэмжигчид тус арга хэмжээнд оролцох юм.

Ангараг гарагийг эзэмших, тэнд дасан зохицох, аж төрөх, улмаар сорилт бэрхшээлийг даван туулах тухай онолыг бодит болгохоор зорьж буй энэ түүхэн цаг үед манай дэлхий дээр Марс гарагтай ойролцоо орчин нөхцөлтэй газрыг олж нээн, мэргэжлийн ба сонирхогчдод зориулсан дэвшилтэт технологи бүхий хүний нөөцийн чадварыг хөгжүүлэх туршилт, хөгжүүлэлтийн бааз байгуулах нь нэн чухал асуудал болоод байна.

Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төв НҮТББ /MARSA/-аас санаачилсан "Mars V" төсөл нь Монголын сансар судлалыг өргөжүүлж, Монголын говьд тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зориулалт бүхий сансрын сургалт судалгаа, хөгжүүлэлтийн төв байгуулах, сансар судлалын Шинжлэх ухааны парк байгуулах зорилготой юм.

Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд “Марс хол биш” баримтат киног монгол, англи хэлээр гаргаж, “Mars on Earth” олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсан нь олон улсын Ангараг гараг судлаачдын анхаарлыг татсаны нэгэн илэрхийлэл бол Марс нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Роберт Зубрины Монголд хийж байгаа айлчлал, “Марсын сорилт” номын нээлт юм.

"Mars V" төслийн багийнхан цаашид NASA, ISRO, JAXA-тай хамтран ажиллах бэлтгэлээ базааж байна. 

Сэтгэгдэлүүд

Дээш