logo
Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээв

2022/07/25

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг.

Эдгээр есөн боомтоос өнөөгийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.

Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэв.

Улмаар нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр хятадын талтай тохиролцоод байна.

Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш