logo
Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар Д.Энхжаргалыг томиллоо

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар Д.Энхжаргалыг томиллоо

2022/08/01

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлаар (интерим) Данзанбалжирын Энхжаргалыг томиллоо. Д.Энхжаргал нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монголын Мянганы сорилтын сангийн байнгын Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Монголын Мянганы сорилтын сангийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх, Монголын Улсын Их Хурлаар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийн бусад оролцогч талууд, хэрэгжүүлэгч байгууллагууд, Монголын Мянганы сорилтын сангийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Мянганы Сорилтын корпорацтай ажил хэргийн нягт харилцаа холбоо тогтоон ажиллана.

Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн Дээд Сургуулийг (хуучин нэрээр) санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсч, АНУ-ын Вандербильт их сургуульд хөгжлийн эдийн засгаар мэргэшин, эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан бөгөөд Европын холбоо, ИБУИНВУ, Япон, АНУ-д удирдлага, менежментийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Д.Энхжаргал нь Монгол Улсын Төв банкинд Мөнгөний бодлогын эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Лондон дахь төлөөлөгчийн газрын захирал, Дэд Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг эрхэлж, банк санхүүгийн салбарт 36 жил ажилласан туршлагатай бөгөөд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсны зэрэгцээ Азийн Дэд Бүтэц Хөрөнгө Оруулалтын олон улсын банк байгуулахад санхүүгийн ахлах зөвлөх, ИБУИНВУ дахь Монгол улсын элчин сайдын яамны санхүүгийн зөвлөх, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Захирлуудын зөвлөлийн Монголыг хариуцсан захирлаар тус тус  ажилласан.

Тэрбээр Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоог санаачлан байгуулж, түүний хүндэт Ерөнхийлөгчөөр, Британи Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх, “Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа”, Санхүү банкны эмэгтэйчүүд ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.78 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм гэж Монголын Мянганы сорилтын сангаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш