logo
Дэлхий олон дагуултай

Дэлхий олон дагуултай

2011/12/27

Сар манай гарагийн цорын ганц дагуул биш бөгөөд үнэн хэрэгтээ бол эх дэлхий маань маш олон дагуултай гэнэ. Сарнаас ялгаатай нь тэдгээр гараг нь түр хугацаанд манай дэлхийг тойрдог ажээ. Ийм дүгнэлтийг Хавай мужийн Их сургууль болон Бостон хотын Массачусетийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн байна.

Эрдэмтэд 2006 онд дэлхийн тойрог замд ажиглагдсан нууцлаг объектыг жишээ болгон татжээ. Энэ тэнгэрийн биетийг шалгахад “RH120” солирын төрөлд багтдаг хэдэн метрийн голчтой жижигхэн солир байсан байна. Уг солир нь дэлхийн түр дагуулуудын тоонд багтаж байгаа гэнэ. RH120 солир нь 2006 оны есдүгээр сард ажиглагдсан бөгөөд 2007 оны зургадугаар сар хүртэл дэлхийн тойрог замд байжээ.

Үүнээс хойш эрдэмтэд дэлхий болон сарны таталцах хүчний харилцан үйлчлэл болон тэдгээр солирууд нь ямар байдлаар манай гарагийн тойрог замд татагдан орж байгааг судалж эхэлсэн байна.

Эрдэмтэд судалгааны дүнд дээрх явдал байнга тохиолддог болохыг тогтоожээ. “Цаг хугацааны хэсэг үед ч Сарнаас гадна наад зах нь 1 метрийн голчтой тэнгэрийн биет дэлхийн тойрог замд түр хугацаанд байдаг” гэж тэд тайлбарласан байна. Ийм дагуулууд нь манай гарагийн тойрог замд 10 сар орчмын хугацаанд гурваас доошгүй бүтэн эргэлт хийн хөдөлж байдаг гэнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш