logo
Сонгуулийн сурталчилгаа ширүүхэн өрнөж байна

Сонгуулийн сурталчилгаа ширүүхэн өрнөж байна

2011/12/27

Нийлэлд 14, орон нутагт 34 мандат хуваарилжээ. Их сунгааны өмнөх улс төрийн байдал сүүлийн үед ширүүхэн өрнөх боллоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох саналаа Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнгөрөгч баасан гаригт өргөн барьсан билээ.

Учир нь хуулийн дагуу сонгуулийн санал авах өдрөөс зургаан сарын өмнө тойргийг тогтоон, нийтэд зарлах ёстой юм. Энэ удаад тус хорооноос оруулж буй саналаар зургаан аймагт тус бүр нэг мандат байхаар тусгажээ. Мөн нийслэлийн хоёр дүүрэгт тус бүр гурван мандат олгохоор санал болгосон аж. Харин үлдсэн бусад аймаг, дүүрэгт тус бүр хоёр буюу нийслэлд 14, орон нутагт 34 мандат хуваарилахаар тусгасан байна.

Түүнчлэн cap гаруйхны өмнө парламентаар ирэх сонгуулийг явуулах тогтолцоог тодорхой болгон баталсан нь улс төрийн намуудыг хөдөлгөөнд оруулахад хүргэлээ. Энэ удаагийн сонгуульд анх удаа нэр дэвшихээр горилж буй залуухан эрхмүүд нэлээд дуулдаж байна. Тэр ч утгаараа төрсөн нутаг, ажиллаж амьдарч буй газар орон, намаас зааж өгсөн тойрогтоо хүч үзэхээр зэхэж байгаа нэр дэвшигчид их сунгааны өмнөх зам мөрөө аль хэдийнэ засаад эхэлжээ.

Одоогийн байдлаар холбогдох газруудаас сонгуулийн ил, далд сурталчилгаанд ямар нэгэн хяналт энэ тэр тавиагүй байгаа нь ордны улаан буйдан горилогсдод ийнхүү боломж олгож буй юм. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л, Говьсүмбэр аймгийн Чойр хотод нэгэн “бэрд” буугаад мордсон гэнэ. Тэрбээр уулзалтын танхимын гадаа хоёр машин будаа, гурил буулган цугласан олонд баруун солгойгүй цацсан юм байх.

Түүгээр барахгүй уулзалтад саатсан гар утастай бүхэнд 5000 нэгж бэлэглэн, санал тавьсан хүн бүрийн хүслийг яг таг биелүүлсэн гэнэ шүү. Тухайлбал, тус нутгийн уугуул гурван залууд шинэ жилийн баяраа нижгэр сайхан тэмдэглээрэй хэмээн 1,5 сая төгрөг барьсан аж. Тэр ч бүү хэл дөрвөн ч иргэнд 2-4 өрөө байр бэлэглэсэн байна. Мөн уулзалтын үеэр хөдөөний хөрслөг бор нэгэн залуугийн хүүхэд ахуйнх нь мөрөөдлийг биелүүлсэн гэнэ.

Тэрбээр “бэрд” ахдаа бяцхан жаал байхаасаа л мотоцикльтэй болохыг мөрөөдөж байсан ч хэдэн малынх нь ашиг шим амьдралд нь хүрэхгүй явсаар өдийг хүрсэнийг дуулгасан юм байх. Тиймээс л их сунгааны өмнө ийнхүү түмэн жилийнх нь хүсэл тавхан минутын өмнө биелэх нь тэр.

Сонгууль гэдэг хүчтэй юм аа. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Хятад улсын Эрээн хот руу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 190 хэсгийн ахлагч мөн бусад хорооны ажилтан гэх мэт нийт 250 хүнийг тав хоногийн турш зугаацуулсан аж. Ийнхүү амраахдаа эрхэм гишүүн энэ бүхний нийт зардалд 100 сая төгрөг төсөвлөсөн тухай эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгэхээр тэмээ тэнгээрээ гэж… олигархиуд ирэх сонгуулийн зам мөрөө сая сая төгрөгөөр нь засч байхад, зохиолын дууны хан хүү тойрогтоо сонин хэвлүүлэн тарааж байна гэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Арвины хийж хэрэгжүүлсэн ажлын тухай нийтэлсэн “Урагшаа” сонины тусгай дугаарыг түүний зөвлөх тойргийнх нь иргэдэд бүр багцаар нь тараажээ.

Учир нь эрхэм гишүүн нэгэн уулзалт дээр үг хэлэх боломжоо ашиглан ийнхүү сүйхээтэй загнан “Иргэд та бүхний гар дээр очсон сонинд миний 2000 оноос хойш хийсэн ажлын тухай товч мэдээлэл нийтлэгдсэн байгаа.

Би үүгээрээ улс төр хийж байгаа юм биш шүү. Өөрийн хийсэн ажлаа энд нэг бүрчлэн дурьдаж зогсвол зохисгүй” гээд сонгуулийн далд сурталчилгааны хэлбэрээ давчуу цаг хугацаатай уялдуулан, хөнгөхөн цайруулаад амжсан гэнэ.

Харин сүүлийн үед УИХ-ын эрхэм гишүүд ирэх сонгуулийн замаа төсөр хялбар аргаар засах болжээ. Энэ нь тойргийнхоо сонгогчдыг хэдэн арваар нь Төрийн ордонд зочлуулж, хоол цайгаар дайлан, гарын бэлэг хүртээн есөн цагаан Туганд мөргүүлээд гаргах болж. Харин тэр бүр Төрийн ордонд орж, гарах боломжгүй байдаг сонгогчид 2012 оны сонгуульд гишүүнээ боддог юм байгаа биз дээ.

Ер нь сонгуулийн чимээ ойртох тусам намууд бэл бэнчингээ тооцож, УИХ-д сонгогдохыг горилогсдын жагсаалт нэлээд урт дараалал үүсгэж буй. Энэ удаагийн сонгуульд яамны дэд сайдууд нэлээд олноороо нэр дэвших гэнэ.

Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Х.Куланда, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Тэргүүн шадар сайдын зөвлөх Н.Хүрэлсүх нар намдаа дэнчингийн мөнгө өгөөд маадгар гэгч алхаж яваа сурагтай.

Тэгэхээр эр өсөж, эсгий сунана гэгчээр ирэх сонгуульд удам залгасан “бяцхан” улстөрчид нэлээд олноороо нэр дэвших гэж байгаа тухай чих дэлсэв. Энэ нь ч сүүлийн саруудад эл хүрээнд өрнөж буй үйл явдлаас ажиглагдах боллоо.

Тухайлбал, улс төрийн “хатуу самар” гэгддэг Ц.Нямдоржийн хүүг АНУ-ын Сан-Франциско хотод шинээр нээгдсэн Консулаар томилсон. Мөн Ардын намын Бага хурлын гишүүний тоог УИХ-ын эрхэм түшээдийн хүүхэд, садан төрөл гээд бас л шаггүй эрхмүүд нэмлээ шүү.

Мөн гэр бүлээрээ улс төрд орохыг хүсэгчид ч цөөнгүй бололтой. Монголын ураны ордуудын “босс” гэгдэх “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирал Р.Бадамдамдин хүү Б.Баттүвшингийн хамтаар шаргал ордны зөөлөн сэнтийг мөрөөдөн сонгуульд хүч үзэхээр зэхэж буй аж.

Тэгэхээр аав, хүү хоёр хоёулаа сонгогдвол УИХ-д гэр бүлийн гэсэн тодотголтой бяцхан бүлэглэл үүсэх нь зүйн хэрэг. Тэрбээр өмнө нь УИХ-ын гишүүн байж үзсэн хашир толгой.

Түүний адил бас УИХ-ын гишүүн асан буриад С.Билэгсайхан, сүүлийн үед нэлээд хэл аманд өртөөд яваа “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийн нэр ч дуулдах болов. Мөн талийгаач Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо, өнгөрсөн сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөөд МАН-ын Ц.Батбаярт хулхидуулсан гэх Ж.Батзандан, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, гарьд Б.Ган-тогтох, “Монос”-ын Эрдэнэчимэг зэрэг улс төрийн мөнгөний үнэр авсан шинэ хүмүүс ч дэнчинд цөөнгүй орж иржээ.

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш