logo
Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

2022/08/23

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотой онцлог ажлуудыг Нийслэлийн Засаг дарга тодруулан асуулаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн, "Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна. Тиймээс наймдугаар сарын 27, 28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана" гэлээ.

Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд, "Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаагаас 440 алба хаагч ээлжээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Хүүхэд багачууд болон хөдөө орон нутгаас ирж буй шинэхэн оюутнуудад замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадал суулгах чиглэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хотын хэмжээнд шинээр тавигдсан замуудад хөдөлгөөний урсгал хурдацтай байгаа ч зарим авто замд хийж буй замын засвараас шалтгаалан замын хөдөлгөөн саарч байгаа. Ялангуяа Улсын цирк орчимд зам эвдрэлтэй байна" гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш