УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудлууд болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгаагаа онцлов.
Чуулганаар Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ.
Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө аж ахуйн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргана. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэснийг УИХ-ын дарга анхааруулаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй байна.
Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-ын гишүүд оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэлээ.
УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг гишүүдээс хүсэв.
Ээлжит бус чуулганы хуралдаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллээр үргэлжилж, хаалттай хэлэлцэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.