logo
“Төрийн мэдээлэл” эмхтгэлд Сонгуулийн хуулийг нийтэлжээ

“Төрийн мэдээлэл” эмхтгэлд Сонгуулийн хуулийг нийтэлжээ

2011/12/28
Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг нийтэллээ. Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,630,707.0 сая төгрөгөөр , Монгол Улсын төсвөөс 2012 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,865,904.2 сая төгрөгөөр баталжээ. Түүнчлэн Монгол Улсын төсөвт 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын дүн, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв зарцуулах хэмжээ, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээ, гадаад төслийн зээлээр санхүүжих хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг мэдээллийг эмхтгэлээс авах боломжтой. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг эмхтгэл бүрэн эхээр нь нийтэллээ.
Мөн Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг нийтлэв. Дээрх хуулиар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлжээ.
Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь онцгой байдлын дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой байхаар уг хуульд заасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ.  Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байх бөгөөд нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг улстөрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгох юм.
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Уг хуулиар сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг авах хуйвалдаан зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулах тухай заалтыг дээрх хуульд оруулсан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш