logo
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв

2022/09/12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай 2022 оны есдүгээр сарын 11-нд Төрийн ордонд уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд боомтуудын хүчин чадлыг бэхжүүлэх, төмөр замын шинэ гарц нээх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлийн хамтын ажиллагааны талаар, мөн  Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулсан. Энэ бодлого бол хоёр хөршийн ба бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, хөгжлийн чиг хандлага, үндэсний онцлогт нягт уялдуулсан бодлого. Энэ бодлого хэрэгжих эхний 10 жилд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэр, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн чиглэлд томоохон ахиц дэвшил гаргах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Ли Көчяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цар тахлын үед ч тасралтгүй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. Түүнчлэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бий болгох,  Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш