Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын гүйцэтгэх дэд захирал Кавех Захеди болон НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Зүүн хойд Азийн бүсийн дарга Б.Ганболд нарын албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд дэлхийн нийтээрээ анхаарал хандуулж буй уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, цөлжилт, газрын доройтол, агаарын бохирдол, ойн сан, эдгээр байгаль орчны асуудлыг шийдвэрлэх санхүүжилт болон бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурыг хамгаалах” ажиллагаа болон Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" хүрээнд бүс нутгийн хэмжээнд "Ногоон хөгжил"-ийн бодлогод манлайлал үзүүлж, Уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын эсрэг авч хэрэгжүүлэх буй бодлого, зорилтын талаар танилцуулаад, энэ чиглэлээр олон улсын форумыг 2023 онд Монгол Улсад зохион байгуулж, байгаль орчны тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын гүйцэтгэх дэд захирал Кавех Захеди хэлэхдээ, байгаль орчны тулгамдсан асуудал ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон цөлжилтийн асуудалд бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэг байна.
Тиймээс цаашид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй байгаль орчны аливаа асуудал ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бүс нутгийн хамтын оролцоонд Монгол Улсад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд, ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад дэлхийн олон улсад Монгол Улс байр сууриа илэрхийлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй санал, санаачилга болон цаашид авах арга хэмжээ, бодлого, зорилтоо илэрхийлж, биечлэн оролцохыг урьсан юм.
Түүнээс гадна тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлж, “Ногоон харш” мод үржүүлгийн талбайд мод тарив.
Эх сурвалж: БОАЖЯ