logo
Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо

2022/09/19

Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалт анх удаагаа боллоо. Тус арга хэмжээг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн нар нээж, үг хэллээ.

Хоёр улсын эдийн засгийн харилцааг тэлэх, худалдааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид харилцан түншлэх, танилцах энэхүү уулзалтад Монгол Улсаас 20 гаруй, Камбож улсаас 14 аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа,бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулав. Тухайлбал, жимс жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн, хүнс, аялал жуулчлал, арьс, ширэн бүтээгдэхүүн эрхлэх аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Цар тахлын нөлөөтэйгээр уламжлалт худалдаа, бизнесийн гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн өөрчлөлт гарч байгааг дурдаад, манай улсын хувьд хүнсний хэрэгцээнийхээ дийлэнх хэсгийг өмнөд хөршөөс хангаж ирсэн бол цар тахал, тээврийн хүндрэл, хил гаалийн нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүд гуравдагч зах зээлийг эрэлхийлж эхэлснийг энэ үеэр хэллээ. Нэн ялангуяа, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, цагаан будаа гэх мэтчилэн Зүүн өмнөд Азийн шинэ зах зээлээс импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх хандлага сүүлийн саруудад нэлээд нэмэгдэж буйг тэмдэглэсэн юм. Энэ удаагийн уулзалт нь оролцогч талуудад харилцан үр ашигтай бизнесийн боломжуудыг нээхээс гадна бизнесийн арга туршлагаа хуваалцах, хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд бодитой түлхэц болно гэв. Монгол Улс өөрийн гэсэн онцлог, давуу талыг шингээсэн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гээд Зүүн өмнөд Азийн зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн цөөнгүй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан онцлоод бизнес эрхлэгчид хоорондоо мэдээлэл солилцох нь чухал, үр дүнтэй хэмээн уулзалтад амжилт хүслээ.

Монгол-Камбожийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтарч зохион байгуулсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн Камбожийн бүтээгдэхүүн хөрш зэргэлдээ Вьетнамд чанартай гэдгээрээ ихээхэн алдартай. Тэр тусмаа хатаасан жимс жимсгэний хувьд Зүүн Өмнөд Азийн зах зээлд өрсөлдөхүйц. Энэхүү уулзалт, түншлэл нь Монголын зах зээлд нэвтрэх боломжийг олгох, бизнес эрхлэгчдийг холбоход гүүр болно гэдгийг онцоллоо гэж МҮХАҮТ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш