Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канадын экспортыг дэмжих байгууллага (EDC)-ын Худалдааны харилцаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Свен Лист, Дэлхийн бизнесийн хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Монизе, Олборлох аж үйлдвэр, бүтэц, төслийн санхүүжилтийн газрын захирал Эшли Глен нарыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах талаар санал солилцлоо.
Элчин сайд Я.Ариунболд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав. Канадын экспортыг дэмжих байгууллагын зүгээс хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Оюу толгой төслийг сайн жишиг болгон таниулах нь хөрөнгө оруулагчдыг татахад чухал болохыг онцоллоо.