logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 1-ний үйл явдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 1-ний үйл явдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйлаа

2011/12/29

Өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг нээж УИХ-ын дарга С.Дэмбэрэл үг хэлсэн бол түүний дараа Ерөнхий сайд С.Батболд болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.
Харин Ц.Элбэгдорж үг хэлэхдээ долдугаар сарын 1-тэй холбоотой тун чухал шийдвэрийг гаргалаа. Тэрхүү 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг зөрчиж, аюулгүй байдлыг нь хангаж чадаагүйн улмаас дөрвөн иргэн галт зэвсгэнд, нэг иргэн угаартаж амь насаа алдсан, 6 иргэн шархдаж, олон иргэн сэтгэл санааны хувьд айдаст автаж, нийгмээрээ цочирдсон.
Ийнхүү иргэдийнхээ амьд явах эрхийг нь хангаж чадаагүйн төлөө Монгол Улсын төрийн өмнөөс нийт иргэдээсээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт гуйлаа. Мөн тэрээр цааш ярихдаа “иргэнийхээ үндсэн эрхийг зөрчсөн энэхүү хэрэг явдлын учир шалтгааныг төрийн зохих байгууллагууд хариуцлагатай шалгаж тогтоох ёстой. Энэ өдөр гарсан эмгэнэлт явдал манай улсад дахин давтагдах ёсгүй” гэлээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлд “төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүмүүсийнхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол улсын төрийн үүрэг мөн” гэсэн дүгнэлт гарсан. Харин УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхгүй хэмээн унагаад байсан юм.
Гэсэн ч ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 100 жилийн ойн Хүндэтгэлийн чуулганы индэр дээрээс ард түмнээсээ уучлалт гуйлаа. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш