УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж, “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар, "Төрийн хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд ЦХХХ-ны салбарт бодлогын зарим шийдлүүдийг цаг алдалгүй хийх шаардлагатай байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 64 тэрбум төгрөгийг төрийн байгууллагууд сервер, тоног төхөөрөмж, программ хангамжийн зардалд зарцуулсан байна. Гэвч худалдан авч, ашиглаж буй серверүүд нь нэгдсэн байдлаар ашиглагдах боломжгүй өөр хоорондоо ялгаатай, уялдаагүй, үр ашиг багатай.
Мөн ЦХХХЯ-аас гаргасан судалгаагаар 2022-2024 он хүртэл 700 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн зардалд зарцуулахаар төрийн байгууллагын цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн мэдээлэлд тусгагдсан байна.
Тиймээс төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс ЦХХХ-ны сайдын хувиар удахгүй хэлэлцэгдэх төсөвт шинэ санал боловсруулан тусгахаа илэрхийлж байна.
- “Үндэсний Дата Төв”-ийн уламжлалт системийг хөгжлийн шинэ шатанд гаргах ажлыг зохион байгуулж “Үндэсний Cloud систем”-ийг нэвтрүүлэх,
- Төрийн мэдээллийн сүлжээнд хандан ажиллах шаардлагатай төрийн байгууллагуудын тус тусдаа сервер, тоног төхөөрөмж, программ хангамж, хүний нөөц ашигладаг байдлыг зохих төвшинд халж нэгдсэн системд нэгтгэх, зардлыг хэмнэх.
Ингэснээр төрийн мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн мэдээллийг хамгаалах асуудалд тодорхой дэвшил гарч, цахим шилжилтэд шаардагдах мэдээллийн урсгал цэгцрэх, төвлөрөх боломж бүрдэнэ. Мөн төрийн байгууллагуудын энэ чиглэлд зарцуулж байсан төсвийн зардал 40 хүртэлх хувиар буурах боломжтой" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байна.