logo
Бухаа зарахгүй яасан юм бэ? (шог өгүүллэг)

Бухаа зарахгүй яасан юм бэ? (шог өгүүллэг)

2011/12/29
Олон жил төрийн нарийн бичиг цаасны алба хашиж байгаад тэтгэвэрт гарсан Жимс Бэхтөр гуай Азын давааны өвөрт хаваржиж байгаа Монголтынд нэг өдөр гэнэтхэн морилох нь тэр. Жимс гэдэг нь Бэхтөр гуайн хоч нэр. Тэр нэрийг олсон түүх тун энгийн боловч дурсгалтай ажээ. Тэрээр Түнхэлд цэргийн алба хааж байхдаа цэргийн мал малладаг байж, Алимаа гэж нутгийн бүсгүйтэй танилцан, үе үе хээр хөдөө уулздаг болсон байна. Тийнхүү адуу малдаа явах тун дуртай болж, шөнө дөлөөр ирэхдээ баахан жимс авч ирдэг болсонд малын цэргүүд баяртай байх.

Өглөө босоод малдаа явахад нь “За Бэхтөр, алимандаа явах нь уу, мойлондоо явах нь уу?” гэж цэргүүд тоглоом хийнэ. Сүүлдээ “Бэхтөр жимсэндээ явлаа” гэлцэх болсон ба цэргээс халагдаад Алимаатайгаа суусны дараа Жимс Бэхтөр гэдэг нэр улам ч зохимжтой болсон билээ.

Цагаан сар болоод удаагүй байсныг хэлэх үү, хаа хол газраас хүндтэй зочин гэнэт ирснийг хэлэх үү, Монголтынхон айл хотлоороо хөл хөөрцөг болж, идээ будааныхаа дээдийг барьж Бэхтөр гуайг их л ёс төртэй угтлаа.

Бэхтөр гуай ямар архи уух биш, тэгэхдээ гурав хонохдоо Монголтынхны хэдэн гэрээр бүгдээр нь орж яриа хөөрөө үүсгэн их л сайхан зантай байлаа. Тэрээр бичиг цаасны ажил хийж байсан эрдэм номтой хүний хувьд шинжлэх ухааны үндэстэй сургамж үгээ харамгүй хайрлана.

Бараан зүсмийн мал, нар сайн шингээнэ
Бяруун чинээн хонь дулаан их алдана
Ямаан үс голдоо хөндийтэй байдаг нь
Яг л вакуум цонхтой адил гэсэн үг гэх буюу айлын жавар үргээж, сайхан хуурдаж ерөөл айлдаад,
Ай даа,
Хамгийн номхон тэмээний ачаан дээр
Хадганд боосон хуураа даруулж
Нүдний цөцгий мэт харж хандаж явахыг
Нүүдлийн соёл иргэншлээ авч явах гэдэг юм даа гэх бөлгөө.

Тэрээр Монголтын баруун өмнө говьд байгаа худындаа очих, хүүтэйгээ уулзах гол ажилтай гэсэн боловч тийшээ явсангүй, харин хүү нь аавыгаа ирсэн сургаар Монголтынд ирсэн билээ. Бэхтөрийн худыг Аавын хүү Мааньзав гэнэ.

Аавын хүү гэдэг нь бас л түүний хоч нэр юм. Тэрээр хар багаасаа эхээсээ өнчирч, аав нь түүнийг хир халдаахгүй эрхлүүлэн байж өсгөсөн бөгөөд хүн бүр түүнийг “аавын хүү” гэж өхөөрдсөөр энэ нэрийг хоногшуулжээ.

Мааньзав Монголтынхоос сайн үүлдрийн нэг бух авахаар эртнээс хүссэн боловч Монголт өгмөөр ч юм шиг, өгмөөргүй ч юм шиг байсаар цаг барж байгаа ажээ. Хамгийн гол нь Монголтын хүүхдүүд бухныхаа ороо үргэлжлэх хугацааны тэн хагаст нь өөрийнхөө үнээнүүдийг энэ бухаараа хээлтүүлэх нь зүйтэй гэж шахсанаас Монголт дур мэдэж бухаа зарж чадахгүй байгаа юм байна.

Монголт, түүний эхнэр, өрх тусгаарласан хүүхдүүдтэй нь Бэхтөр гуай нэгбүрчлэн уулзахдаа энэ бухны тухай дахин дахин ярьснаас үзэхэд тэрээр бас үүнийг сонирхож байгаа ажээ. Харин энэ бухыг өөрөө авах биш, Мааньзавт өгүүлэх тухай ярьсан байна. “Манай худ танай бухыг авъя гэж олон жилийн өмнөөс хүссэн байна, харин та нар одоо болтол өгөхгүй байгаа нь харамсалтай байна” гэж соёлтой хүний ёсоор инээж байгаад хэлсэн ба “Хүсээд байгаа юмыг нь өгөхгүй бол олон жил хаяа хатгаж явсан сайн нөхдөөсөө салж болзошгүй юм шүү” гэсэн санааг гоё аргаар ойлгуулахаа мартсангүй.

Жимс Бэхтөрийг явсан орой Монголт элдвийг бодож хэвтэхдээ “Муу золиг чинь, сайхан загнаад инээгээд байсан болохоос биш, бухаа зарахгүй юу хийгээд удаад байгаа юм бэ гэж манийгаа загнаад явсан байна шүү, өөрөө авахгүй байж өрөөл бусдын төлөө тэр хол газраас хүрч ирж бух гуйж явдаг сонин л хүн юм юм даа. Худдаа тийм үнэнч хүн үү, эсвэл хүний хүргэн болсон хүүгийнхээ төлөө явж байгаа нь тэр юм болов уу” гэж бодлоо.

Тэрээр радио нээвэл “АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бэйкер Монголд айлчилж төр засгийн тэргүүнүүдтэй уулзахдаа Айвенхоу Майнзтай тогтвортой байдлын гэрээ байгуулахгүй удаад байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна” гэж ярьж байлаа.

Ц.ГАНБААТАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш