logo
Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

2022/11/07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэний шагнал бол улс, нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал. Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож, “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байсан. Өнөөдөр ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн, шагналыг нь гардуулж байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

“Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөл нь нийслэлийн дээд шагнал бөгөөд салбартаа нэр хүндтэй, ажил хөдөлмөрөөр тэргүүлэн, Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгаж, Улаанбаатар хотын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэнд олгодог билээ. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ-ын гавьяат тамирчин, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх гуайг нийслэлийн 23 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Х.Баянмөнх аварга нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1963 оноос хойш хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байв. Мөн тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм. Х.Баянмөнх аварга нь 1972, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш